top of page
  • Writer's pictureSogoo mn

Ардын Хатанбаатар Магсаржав

Хатанбаатар Магсаржав 1912-1921 оны хооронд Орос, Хятадын цэрэгтэй 30 удаа байлдаж, нэг ч ялагдаагүй юм.


Зураг: Ардын Хатанбаатар Магсаржав буюу Сандагдоржийн Магсаржав (1878 - 1927 оны 9 сарын 3) нь Монголын цэргийн нэрт жанжин, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч!




Тэрбээр 1878 оны 6 дугаар сарын 10-нд Сайн ноён хан аймгийн Түшээ гүн Ганжууржавын хошуу /өнөөгийн Булган аймгийн Хутаг-Өндөр сум/-ын нутаг Өвөр Цагаан Бургас гэдэг газар төрсөн. Багаасаа бичиг үсэг сурч, 11 настайдаа засаг ноён Ганжууржавын шавь болж, хошуундаа зарлага, бичээчээр ажиллаж, 1905, 1911 онд Ховдын халх жасаанд алба хааж байв. С.Магсаржав 1912 онд баргын Ж.Дамдинсүрэнгийн хамт Баруун хязгаарыг төвшитгөн тогтоох цэргийг дайчлан захирах сайдаар томилогдож, Ховд хотыг чөлөөлөх байлдааныг удирдан, ялалт байгуулсан учир Богд хааны зарлигаар түүнд Хатан баатар цол шагнасан. Хатан баатар Магсаржав 1916 онд өмнө хязгаарыг батлан тохинуулах сайд, 1917 онд Зүүн хязгаарыг сэргийлэх цэргийг захирах сайд, Баруун өмнө хязгаарыг батлан сэргийлэх цэргийг захирах сайд, 1919 онд Урианхайд сууж хэрэг шийтгэх сайдаар томилогдож, хил хязгаарт халдан түрэмгийлсэн зэвсэгт дээрэмчид, харийн түрэмгийлэгчдийг устгах байлдааныг удирдсан. Хатан баатар Магсаржав 1919 оны сүүлчээс Жалханз хутагт Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав, Хичээнгүй баатар Гомбо-Идшин нарын хамт эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээх нууц үйл ажиллагаа явуулахын хамт “Шилэн аяга”, “Жинчин” зэрэг нууц нэрээр МАН-ын үйл ажиллагаанд оролцож, ЗОУ-аас тусламж гуйсан Богд хааны тамгатай бичгийг гаргуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Хүрээнд байсан Хятадын цэргийн эрхтнүүд Магсаржавыг 1920 оны 9 дүгээр сарын 12-нд баривчлан хорьжээ. Барон Унгерний цэрэг Нийслэл Хүрээг чөлөөлөхөд С.Магсаржав шоронгоос гарч, 1921 оны 2 дугаар сарын 22-нд Монголын Бүх цэргийн жанжнаар томилогдож, зүүн өмнө зүгт зугтсан хятад цэргийг дарах байлдааныг удирджээ. Хатан баатар 1921 оны 4 дүгээр сарын 21-нд Баруун хоёр аймгийн цэргийг дайчлан захирах сайдаар томилогдож, мөн оны 7 дугаар сарын 20-нд Улиастайд бослого гаргаж Вандонов нарын цагаантныг устган, эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх зэвсэгт тэмцлээ эхлүүлсэн. Хатан баатар Магсаржав 1921 оны 6 дугаар сарын 5-нд Цэргийн яамны дэд сайд, мөн оны намар Ховдын зэрэг газар үүрлэсэн дайсныг хядан арилгахаар мордуулах Бүх цэргийг захирах их жанжны тушаалд томилогдож баруун хязгаарыг цагаантнаас чөлөөлөх байлдааныг удирдсан. Түүний гавьяаг Ардын засгийн газраас өндөр үнэлж Чин вангийн зэрэг шар хүрэм шагнаж, Хатан баатар цолон дээр нь “Ардын” хэмээх цол нэмжээ. Мөн түүнийг 1922 онд Зөвлөлт засгийн газраас Цэргийн гавьяаны улаан тугийн одон, 1926 онд БНМАУ-ын Цэргийн гавьяаны нэгдүгээр зэргийн одонгоор шагнасан. Хатан баатар С.Магсаржав 1922 оноос Цэргийн явдлын яам (ЦЯЯ)-ны дэд сайд, сайд, Бүх цэргийн зөвлөл (БЦЗ)-ийн гишүүнээр ажиллаж байв. Ардын Хатан баатар Магсаржав 1927 оны 9 дүгээр сарын 3-нд 49 насандаа хүнд өвчнөөр таалал төгсөв. Түүний шарилыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Дунд Хайлантайн эх Жаргалант уулын өвөрт бунхлан оршуулсан. МАХН-ын Төв Хорооны тогтоолоор 1970 онд Булган аймгийн төвд бунхан байгуулж, С.Магсаржавын шарилыг шилжүүлэн хүндэтгэлтэйгээр оршуулсан. Мөн Ховд хот дахь Зэвсэгт хүчний 123-р анги, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын дунд сургуулийг Ардын Хатан баатар С.Магсаржавын нэрэмжит болгосон.



108 views0 comments

Komentar


Сүүлд нэмэгдсэн

bottom of page