top of page
  • Writer's pictureSogoo mn

А.Д.Симуков буюу "шар Дамдинсүрэн" (1902-1941)


А.Д.Симуковыг 1990 оны Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг С.Зоригийн өвөө (нагац аав) гэдгээр нь хүмүүс сайн мэдэх билээ. Газарзүйч мэрэгжилтэй тэрбээр БНМАУ-ын Шинжлэх ухааны Xүрээлэнд ажиллаж, Монгол орныг хөндлөн гулд туулсан.

Симуковын бүтээлүүдээс “БНМАУ-ын газарзүйн атлас” (1934 он), “Симуковын ногоон” хэмээн олноо алдаршсан “БНМАУ-ын ерөнхий газрын зураг” (1937 он), эрдэм шинжилгээний сэтгүүлд гуч орчим өгүүллэг нь түүнийг амьд сэрүүн байхад нийтлэгджээ.

А.Д.Симуковын хэвлүүлж амжаагүй зарим бүтээл өнөөг хүртэл архиваас олдоогүй. Тухайлбал, “БНМАУ-ын говийн газарзүйн найруулал”, “Хангайн төв нутгийн газарзүй”, “БНМАУ-ын хураангуй газарзүй, 2-р хэсэг”, “1927 онд говиор аялсан шинжилгээний ангийн өдрийн тэмдэглэл”, “Монголын газрын зурагзүй”, “Хүн ам, мал сүргийн нягтшилд газарзүйн орчин нөлөөлөх тухай тэмдэглэл”, “БНМАУ-ын сүм хийдүүд”, “БНМАУ-ын хөдөө аж ахуйн газрын зураг”, “Баруун говийн газрын зураг” зэрэг газрын зурагзүйн бүтээлүүд нь олдоогүй.

Мөн 1936, 1937, 1938 оны хээрийн судалгааны өдрийн тэмдэглэлүүд, 1937 онд 75 хувийг нь бэлэн болгосон “Эдийн засгийн атлас”, газарзүйн нэр томъёо, газарзүйн нэвтэрхий тайлбар толийн хэрэглэгдэхүүн мөн адил олдоогүй ажээ.

1939 онд ЗХУ-ын Дотоод яам (НКВД)-ны ажилтнууд Симуковыг "Японы тагнуул" хэмээн Улаанбаатар хот дахь гэрээс нь дайчлан баривчилж, ЗХУ руу авч явжээ. Түүнд найман жилийн хорих ял оноож, улмаар чанга дэглэмтэй ГУЛАГ-ын нэг Печорлагт хоригдож байхдаа 1941 онд зүрхний шигдээс өвчнөөр нас баржээ. 1956 онд ЗХУ-д А.Д.Симуковыг хилс хэргээр баривчилсныг тогтоож, бүрэн цагаатгасан билээ. Симуковын хоёр дахь охин Доржпалам нь ("Сэрэлт" киноны орос эмчийн дүрд тоглосон) С.Зориг, С.Оюун нарын ээж юм. 1915 оны Хиагтын Гурван улсын гэрээг байгуулахад хаант Оросын төлөөлөгчдийг тэргүүлж оролцсон консул А.Я.Миллер нь А.Д.Симуковын үеэл ах байжээ.

ЗУРГИЙН ТАЙЛБАР: Газарзүйч А.Д.Симуковын Монголын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, УБХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1936 оны Улсын наадмын үеэр "Алтан гадас" одонгоор шагнажээ. Бусад зургуудыг 1938 онд Завхан аймагт албан томилолтоор явах үед авчээ.



12 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page