top of page
  • Writer's pictureSogoo mn

Баруун дамнуурчин

1778 онд Их хүрээ Сэлбийн хөндийд ирж суурьших үед хэдийнээс нааш байнгын худалдаа наймаагаар амьдарч ирсэн хятадуудыг Богд гэгээний төвлөн суух газрын доод биеэр баруун зүүн Улиастайн хоорондох Улаан дов хэмээх газарт суурьшуулжээ. Тэр цагаас эхлэн хятад худалдаачид Улаан довоос өдөр бүр худалдаалах бараагаа дамнуургаар дамнан авчирч одоогийн Гэсэр сүмийн хавьд байрлаж байсан барааны төв зах руу ирдэг байжээ. Хожим тэднийг барааны төв захад ойртуулж суурьшуулснаар “Баруун дамнуурчин” хэмээх нэр үүсчээ. Энэхүү барааны захаас баруун урагш чиглэн одоогийн тээврийн товчоо хүртэл түлээний зах, чулуун нүүрсний зах, элдүүрчин, мужаан, төмрийн дарханы хорооллууд эгнэдэг байв. Баруун дамнуурчнаас хойш Ногоон нуур хүртэл зайд хойноосоо урагш чиглэсэн нэг, баруунаас зүүн тийш чиглэсэн есөн нарийхан гудамж бүхий хятад хороолол байжээ. 1921 он хүртэл гадна талын гудамж бүрийн аманд хаалгатай, өдөр нь 21 хаалга онгойлгож худалдаа үйлчилгээгээ хийдэг, шөнө болохоор хаалгануудаа дотроос нь түгжээд битүү хэрмээр хүрээлэгдсэн мэт байдаг “хятад хот” байжээ. Тухайн үед баруун дамнуурчны 9 гудамжинд нийтдээ үйлдвэр үйлчилгээний 217 жижиг газар байсан гэдэг.


201 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page