top of page
  • Writer's pictureSogoo mn

“Усчин өвгөн Дэнзэн”-гийн дүрээр мөнхөрсөн жүжигчний хүү Ч.Болд аавынхаа тухай үзэсгэлэн гаргажээ

Театр, киноны нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ардын жүжигчин, найруулагч Дэндэвийн Чимэд-Осорын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн “BlueMon” галерейд өчигдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг түүний хүү Ч.Болд санаачлан гаргаж буй бөгөөд аавынхаа тайз, дэлгэцэнд бүтээсэн дүрүүд болон үе үеийн уран зураачдын зурсан хөргүүд гэсэн гурван хэсэгт хуваан дэлгэжээ.


Театрын урлагт 24 жил хөдөлмөрлөхдөө “Сүрэг чоно” жүжгийн Данзан /1938/, “Талын баатар” /1943/ жүжгийн Чогдон хувилгаан, “Орос хүмүүс” /1943/ жүжгийн Розенберг, “Сэтгэлийн шинэтгэсэн нь” жүжгийн Шукарь зэрэг 60 орчим жүжгийн 85 дүр бүтээжээ. А.П.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгийн өвгөн Шукарийн дүрээрээ үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин, театр киноны салбарынхан дундаа Шукарь хэмээн хүндлэгдсэн тэрбээр 1912 онд Архангай аймгийн Өлзийт суманд төржээ. Кино урлагт 22 жил хөдөлмөрлөхдөө “Цогт тайж” киноны цэцэрлэгч өвгөн, “Ардын элч”-ийн дэн буудлын эзэн, “Өглөө” киноны Дүйнхэр заарин, “Хүний сайхан сэтгэл” киноны усчин өвгөн Дэнзэнгийн дүрийг 68 насандаа бүтээж, Монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн.


40 орчим уран сайхны киноны 50 орчим дүр бүтээж, бүтээсэн дүрээрээ “Төрд хэрэгтэй заарин” хэмээн өргөмжлөгдсөн дэлгэцийн урлагийн тод төлөөлөгч билээ. Ардын жүжигчин Д.Чимэд-Осор алдартай жүжигчин төдийгүй хэд хэдэн киноны ерөнхий найруулагчаар ажилласан байна. Тухайлбал: 1961 онд “Гологдсон хүүхэн”, 1963 онд “Нүгэл буян”, 1965 онд “Зэрэг нэмэхийн өмнө”, 1974 онд “Тамирын охин”, 1978 онд “Хонины найр” киноны ерөнхий найруулагч, “Морьтой ч болоосой”, “Өндөр ээж”, “Хоньчин Найдан” зэрэг арваад киноны зөвлөх буюу хоёрдугаар найруулагчаар ажиллажээ.


Чимэд-Осорын Болд, Үзэсгэлэнд аавынхаа драмын урлагт зүтгэсэн 22 жил, кино урлагт ажилласан 24 жилийн хөдөлмөрийн үр дүнд үлдсэн зургуудаас сорчлон оруулсан. Монголын зураач урчууд манай аавын хөргийг олон янзаар зурсан байдаг. Тэдгээр хөрөг зургуудаас үзэсгэлэндээ дээж болгон оруулсан. Би Монголын Үндэсний төв архивт аавынхаа уран бүтээлийн өв санг бүрэн эхээр нь хүлээлгэж өгсөн. Тиймээс Архивын тухай хуульд зааснаар улсын үнэт өвд орсон бүтээлийг эргүүлж гаргадаггүй учир зарим зургуудын хуулбарыг үзэсгэлэнд дэлгэсэн гэв.



441 views0 comments

Commentaires


Сүүлд нэмэгдсэн

bottom of page