Биржээр, хил нөхцөлөөр арилжаалсан анхны нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хүргэж өглөө
Засгийн газар “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Тус журмыг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн зохион байгуулаад буй.
Өнөөдрийн байдлаар нийтдээ 3 удаагийн цахим арилжаагаар 160 мянган тонн нүүрсийг амжилттай худалдаалжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК цахим арилжаагаар худалдаалсан нүүрсний анхны тээвэрлэлтийг эхлүүлж, өнөөдөр Монгол Улсын хилийн цаана буюу БНХАУ-ын Ганц мод боомтод амжилттай хүргэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуй нэгжийн сонгон шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран хүний оролцоогүйгээр цахим үнийн санал авах аргаар зохион байгуулж, шалгарсан тээврийн компаниудтай тээвэрлэлтийн гэрээ байгуулан анхны тээвэрлэлтээ эхлүүлж байна.
Ингэснээр тус компани анх удаа хил нөхцөлөөр худалдаалсан нүүрсийг монгол тээвэрчид БНХАУ-ын хил дээр хүргэж өгч буйгаараа түүхийн нэгэн шинэ хуудас нээлээ.
Comments