top of page
  • Writer's pictureSogoo mn

Дайны нөхцөл байдал учраас бид хариу арга хэмжээ авахгүй бол үнийн өсөлтийг дийлэхгүй болно



Ерөнхий сайд төсвийн тодотголын төслийг бизнес эрхлэгчдэд танилцуулж, санаа бодлыг нь сонслоо. Тэрбээр уулзалтын үеэр Та бүхний бизнес Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой. Тийм учраас нийгмийн зүгээс тавьж буй асуудлуудад мэдээллээ солилцож, нэгтгэх нь зөв юм. Төсвийн бодлого илүү хэмнэлттэй, татвар төлөгчдийн мөнгийг ил тод, нээлттэй байвал олон жил хүлээгдсэн реформыг хийж чадна.

Энэ удаагийн төсвийн тодотгол гурван онцлогтой. Та бүхний байр суурийг сонсч, бодит байдал дээр хэрхэн уялдах вэ гэдгийг сайтар тооцох нь зүйтэй. Төсвийн тодотголоор үнийн өсөлттэй холбоотой хариу үйлдэл үзүүлнэ. Мэдээж бид импортын бараанд хяналт тавих боломжгүй. Гэхдээ үнийн өсөлтийг бууруулах эрх зүйн орчин бий болгож, огцом өсөлттэй байгаа бензин шатахууны үнийг тогтворжуулах нь хувийн хэвшлийнхэнд ихээхэн дэм болно гэж үзсэн.


Зах зээл дээр шатахуун 1000 төгрөгөөс дээш нэмэгдэх нөхцөл байдал үүссэн байсан. Төр тодорхой хэмжээнд оролцож, тодорхой хөтөлбөр гарган, Засгийн газар, Монголбанк валютын нөөцөд дэмжлэг үзүүлж, Монголд орж ирж буй валютын урсгалыг цаг хугацааны хувьд наашлуулах багц арга хэмжээ авсан. Мөн хөнгөлттэй зээлийн эх үүсвэрүүд бий болгож, мах болон гурил үйлдвэрлэгчдэд хаврын тариалалтын үеэр дэмжлэг үзүүлнэ. Төрөөс нийтдээ 100 орчим сая ам.долларын хөрөнгө гаргах чиглэлээр Монголбанктай хамтран ажиллана.


Шүүмжлэл гарч байна. Гэхдээ шулуухан хэлэхэд, дайны нөхцөл байдал учраас бид хариу арга хэмжээ авахгүйгээр яваад байвал үнийн өсөлтийг дийлэхгүй болно. Ялангуяа шатахуун 1000 төгрөгөөс дээш нэмэгдвэл инфляцийг хэт хөөрөгдөнө. Тиймээс мах, гурил, шатахуун гурав дээр Засгийн газар сангийн бодлогоороо, Монголбанк мөнгөний бодлогоороо оролцож, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллахаар болсон.


Үнийн саналтай холбоотой багц арга хэмжээ авч байна. Мөн элсэн чихэр, ургамлын тос, цагаан будааны гаалийн албан татварын таван хувийг тэглэх санал оруулах гэж байна. Дотоодод ургамлын тос үйлдвэрлэх хүсэлтэй аж ахуйн нэгж байвал түүхий эдийн нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөх багц санал оруулах гэж байна. Цаашлаад Монгол Улс хүнсний хомсдолд орох, энэ нөхцөл байдал удаан үргэлжлэхэд өөрийн нөөц агуулахтай, өвлийн хүлэмжтэй болох нь чухал гэв.

175 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page