top of page
  • Writer's pictureSogoo mn

ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ


1906 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төржээ. 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улстөрийн амьдралд идэвхтэй оролцож шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэжээ. Д.Нацагдорж ЗХУ болон Германд суралцаж өрнөдийн соёлын шилдэг өв сантай танилцаж, Монголын зохиолчдын бүлгэмийн анхны нарийн бичгийн дарга болжээ. Тэрбээр “Ушаандар”, “Сандо амбаны харгис явдал” хэмээх жүжиг, “Учиртай гурван толгой” дуурь, “Миний нутаг”, “Од”, “Октябрь” зэрэг олон арван шүлэг, “Хуучин хүү”, “Цагаан сар ба хар нулимс”, “Харанхуй хад” зэрэг өгүүллэгүүдээрээ алдаршжээ. А.С.Пушкины “Гилбэрийн хатан”, “Буудалцсан нь”, Эдгар Погийн “Алтан цох” зэрэг зохиолуудыг орос, герман хэлнээс орчуулж, түүвэр зохиол нь ЗХУ, Энэтхэг, Герман зэрэг оронд хэвлэгджээ.

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн Монголын соёлын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй ажээ. Тэрбээр уран зохиолын үндсэн гурван төрөл болох яруу найраг, үргэлжилсэн үгийн болон жүжгийн зохиол туурвиж уран бүтээлийн нандин өв үлдээжээ. Түүний зохиолын түүврийг удаа дараалан хэвлүүлж олны хүртээл болгосон төдийгүй Ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн сурагчдын уран зохиолын сурах бичгийг баяжуулж ирсэн билээ.

1935 онд “Ардын эрүүлийг хамгалах яамнаас өөрийн 10 жилийн ойд зориулав” нэртэйгээр Д.Нацагдоржийн 53 бүтээлийг зохиогчийн нэргүйгээр ном болгон хэвлүүлж байжээ. 1945 онд хэвлэгдсэн “Зохиолын түүвэр” номонд 14 зохиол, 1955 оны “Зохиолын түүвэр”-т 100 зохиол, 1961 оны “Зохиолууд” номонд 137 уран бүтээл тус тус оржээ. Цаг хугацаа өнгөрөх тусам их зохиолчийн бүтээлийг эрж сурвалжлах, түүвэрт хэвлэгдсэнийг нь гар бичмэлтэй нь тулгах, шүүн хэлэлцэх, утга агуулгыг шинжлэх, уран чадварлаг хэл найруулгыг судлах гэх мэтээр эдүгээ “Д.Нацагдорж судлал” хэмээн тусгайлан авч үзэх хэмжээнд хүрсэн байна. Д.Нацагдоржийн бүтээлүүдэд эх бичгийн судалгаа хийж урьд өмнө нь нийтлэгдээгүй шинэ зохиол, баримт бичгээр баяжуулан “Бүрэн түүвэр”-ийн эх бэлдэж 187 зохиолыг нь оруулахдаа “яруу найраг”, “үргэлжилсэн үгийн зохиол”, “жүжгийн зохиол”, “нийтлэл зохиол”, “dubia” гэсэн бүлгүүдэд хувааж хэвлүүлжээ. Зарим хүн хадгалж байгаад хожим Д.Нацагдоржийн зохиол хэмээн нийтлүүлсэн, хэвлэгдээгүй боловч хүмүүсийн ам дамжин ирсэн ганц нэг зохиол, Д.Нацагдорж гэсэн нэрээр гарсан боловч Д.Нацагдоржийн бүтээл гэдэг нь бүрэн батлагдаагүй зохиолуудыг “dubia” гэсэн хэсэгт оруулжээ. Энэхүү түүвэрт “Уул усны охин”, “Хэлхээгүй сувд”, “Ондоо хүмүүжил”, “Шансонет”, “Мөнгө” гэх зэрэг 40 гаруй зохиолыг шинээр оруулж, “Нараа”, “Шувуун саарал”, “Харанхуй хад” гэх мэт хэдэн зохиолыг эх бичмэлтэй нь тулган шинээр тогтоож оруулсан ажээ.

Д.Нацагдоржийн намтар уран бүтээлээс ардын хувьсгалын тэмцэл, ялалтын жилүүдэд өсөж бойжсон шинэ үеийн хүний амьдрал, туулсан зам тод харагддаг билээ. 7 настай байхад нь эх Ц.Пагма нь бие барсан тул Д.Нацагдорж эцгийнхээ ач ивээлд өсөж хүмүүжжээ. Эцэг Дашдорж нь Богд Хаант Монгол Улсын үед ч, Ардын засгийн жилүүдэд ч бичээч, эх зохиогч байцаагч зэрэг ажлуудыг хийж явсан тул “бичиг үсэг сурах нь оюуны түлхүүр буюу эрдмийн дээд, эрдмийн төгсгөлөн” хэмээн үзэж хүүгээ 9 нас хүрмэгц Алтангэрэл хэмээх найздаа шавь оруулжээ. Гэрийн сургалтаар сайтар суралцаж, олон ном зохиолыг уншихын хамтаар эцэгтээ болон багшдаа хуулбарлан бичиж өгчээ. Энэ нь Д.Нацагдоржийн зохиох, найруулах эрдэмд суралцаж эхэлсэн жишээ ажээ. Тэрбээр Цэргийн яаманд тал бичээч, жинхэнэ бичээчээр ажиллаж байхдаа хичээл зүтгэлтэй байсан тул “тэргүүн зэрэг” шагнуулж явсаар 15 настайдаа хувьсгалын үйл хэрэгтэй учирчээ. Их жанжин Д.Сүхбаатарын гарын нарийн бичгийн даргын албанд итгэмжлэгдэн, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн “Жавхланг бадруулагч” нэртэй анхны үүрийн нарийн бичгийн даргаар ажиллаж суртал ухуулга хийж, бусад нөхдийн хамт нийгмийн хоцрогдсон ёс журмыг шүүмжилсэн ший жүжиг зохион найруулж тоглуулдаг байв. 1922 оны 4 дүгээр сард Намын Төв Хороонд туслах түшмэлээр батлагдаж, улмаар тус хэлтсийн эрхлэгч болжээ. 1922 оны 8 дугаар сараас Намын төв хорооны нарийн бичгийн даргын туслах болж, мөн оны 10 дугаар сараас эхлэн Цэргийн сурган боловсруулах хэлтсийн сурган гэгээрүүлэх тасгийн даргыг хавсран гүйцэтгэж байжээ.

1923 оны 3 дугаар сард Намын төв хорооны орлогч гишүүн, мөн оны 6 дугаар сард Намын төв хорооны нарийн бичгийн даргаар сонгогджээ. 1923 оны 7 дугаар сард Намын төв хорооны гишүүн, тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн даргаар тус тус давхар сонгогджээ. 1924 – 1925 онд “Улсын цэргийн дээд эрхийг барих газар”-т Бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллав. 1924 оны 8 дугаар сард Намын төв хорооны тэргүүлэгчдийн орлогч гишүүнээр сонгогдон Засгийн газрын нарийн бичгийн даргыг хавсран гүйцэтгэжээ. Их зохиолч Д.Нацагдорж нь жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Б.Цэрэндорж нартай нэгэн үе хамт ажиллаж улс төр, нийгмийн идэвх, бүтээлч үйл ажиллагаа нь шинэ цагийн уран бүтээлч болон өсөж өндийхөд нь таатай нөлөө үзүүлсэн хэмээн үздэг.

Д.Нацагдоржийн биечлэн оролцож өөрийн гараар сийрүүлсэн БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийн эх бичиг Улсын архивын сан хөмрөгт өнөө хүртэл хадгалагдан үлдсэн байна. 1925 онд Монголын пионерын байгууллагыг үүсгэн байгуулалцаж, товчооны анхны даргаар ажиллахдаа хүүхэд багачуудын сүлд дуулал болсон “Пионерийн дуу”-г зохиожээ.

1925 – 1926 онд Ленинград хотноо Цэргийн улс төрийн академид, 1926 – 1929 онд Берлин, Лейпцигийн их сургуулиудад хэл бичиг, сонин сэтгүүлийн ерөнхий сургуулиудаар суралцаж, 1929 онд эх орондоо буцаж ирээд Төмөрийн завод, “Залуучуудын үнэн” сонин, Судар бичгийн хүрээлэн, Төв театр зэрэг газруудад орчуулагч, утга зохиолын ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгч, мэргэжлийн зохиолч зэрэг албыг хашиж байжээ. Д.Нацагдорж олон талын мэдлэгтэй сэтгүүлч, түүхч, соён гэгээрүүлэгч, орчуулагч байсныг түүний орчуулсан зохиол бүтээл, зохиосон уран бүтээлүүд нь баталж байдаг. Харамсалтай нь 1930 оноос эхэлсэн хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр түүнийг дайрч 1932, 1936 онуудад “хувьсгалт хууль ёсыг гажуудуулсан” гэх нэрийдлээр хилс хэрэг тулган баривчилж тус бүр жилээс дээш хугацаагаар гянданд хорьсон нь түүний эрүүл мэнд муудахад нөлөөлжээ. Тэрбээр 1937 оны 7 дугаар сарын 13-нд нас нөгчсөн бөгөөд 31-хэн насалжээ.

Д.Нацагдоржийн зохиолд илүү үг, нуршуу өгүүлэмж өчүүхэн ч байдаггүй бөгөөд аман ба бичгийн зохиолын уламжлалд дулдуйдсан, ярианы хэлийг ашигласан гээд зааглан ялгахад ч бэрх ажээ. Их зохиолч аль алиных нь сор дээжийг авч өөрийн оюун бодолдоо танигдашгүй болтол найруулан боловсруулдаг байсан учир “Нацагдоржийн хэл” хэмээн тусад нь судалж үзэх үндэстэй ажээ. Зарим зохиол бүтээлээс нь өнгө гэрлийн солилцол, орон зайн алслалт, цаг хугацааны урсгалын хурд, хэмнэл гэх мэт нарийн мэдрэмжүүд ажиглагддаг байна. Уран бүтээлийн өргөн сэдэв, гүн агуулга, уран зохиомж, яруу сэтгэлгээ, оновчтой дүрслэл тэргүүтэн нь орчин үеийн Монголын утга зохиолын урлагийн шинэ уламжлал болж, өнөөгийн уран бүтээлчдийн чанар чансааг хэмжих хэмжүүр, авъяас эрдмийн шалгуур болж чадсан учраас түүнийг “Орчин үеийн Монголын утга зохиолыг үндэслэгч” хэмээн өргөмжилсөөр ирсэн билээ.


16 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page