top of page
Writer's pictureSogoo mn

Ирвэс

Ирвэс

Шинжлэх ухаанд ирвэс гэдэг үг нь эртний түрэг хэлээр ирбийз буюу цасны муур гэсэн үг юм. 1775 онд Германы эрдэмтэн Шребер энэ амьтныг шинжлэх ухааны нэршилд оруулж байсан гэдэг. Цоохор ирвэсийн шинжлэх ухааны нэршил нь uncia uncia юм. Одоогоор дэлхий дээр 4080-6590 цоохор ирвэс байдаг гэсэн судалгаа байдаг. Монгол 700-1200 Хятад 1500-2000 Киргизстан 500 Энэтхэг 400 Балба 300 Пакистан 300 Таджикстан 150 Орос 120 Казахстан 100 Афганистан 100 Бутан 100 Узбекстан 50 Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “ховор” зүйл хэмээн үнэлэгдсэн.

Махчин амьтад дотор мийнхэн буюу муурын овогт багтдаг. Цоохор ирвэс нь урт сунасан биетэй, харьцангуй богино хөлтэй, урт сүүлтэй. Бие гүйцсэн цоохор ирвэсийн биеийн урт 103-130 см, сүүлний урт 92-105 см, жин 23-41 кг, тавхайн урт 9-11 см, тавхайн өргөн 7-9 см, сүүл нь жигд, өтгөн үсэрхэгжсэн тул бүдүүн харагддаг.

Үсэн бүрхүүл нь онцгой шигүү, сахлаг, зөөлөн. Ийм үсэн бүрхүүл хүйтнээс хамгаалах үүрэгтэй. Цайвар шаргалдуу, үүлэн саарал дэвсгэр дээр тод дугуй хар толбо бүхий гоёмсог арьстай. Толбо, хээ нь биеийн хэсэг бүрд өөр байдаг. Тухайлбал, хэвлийдээ толбогүй, толгой нь олон жижиг хар толботой, сүүлний дээд хэсэгт хоёр эгнээ туурайрхуу хэлбэрийн толботой, сүүлний үзүүрээр хажуу тийш зөв биш хэлбэрээр өргөсөж 5-6 хөндлөн цагираг үүсгэдэг. Бие гүйцэхийн хэрээр толбо нь томорч сийрэгжин өнгөн дэвсгэр нь илүү ялгаран харагдана. Иймээс нутгийн хүмүүс зүсээр нь ирвэсийг хар болон шаргал цоохор гэж хоёр ангилдаг. Хар цоохор ирвэсийг залуу, харин шаргал цоохор ирвэсийг нь бие гүйцсэн гэж ойлгоход буруудахгүй. Монголчууд ирвэсийн эрийг гэнд, эмийг гинс, нялх төлийг гүем хэмээн нэрлэдэг.




50 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page