top of page
  • Writer's pictureSogoo mn

​Л.Оюун-Эрдэнэ: Зарим татварыг чөлөөлж, ТӨХК-иудын дэд захирлыг хуулиар хязгаарлахаар боллоо


Залуусын жагсаалын үеэр тавьсан шаардлагуудыг Засгийн газар хэлэлцсэн байна. Залуусын тавьсан саналын 50 гаруй хувь нь үнийн өсөлт, 14 хувь нь төрийн үргүй зардал, 12 хувь нь авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой байжээ. Улмаар Засгийн газар шаардлага бүрийг нарийвчан авч үзээд, үе шаттай асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзжээ. Хамгийн их санал өгсөн шаардлагуудад шийдэл хайж, ярилцсан байна. Эхний ээлжинд дараах шийдвэрийг авахаар болжээ. Үүнд:

-Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх хуулийг УИХ-д өргөн барьж, өнөөдөр батлагдлаа. Энэ хууль хэрэгжсэнээр үр дүн гарна. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсч байгаа ч дотоодод бензиний үнэ өсөхгүй байх боломжийг бий болгоно. Шатахуун импортлогчдод эргэлтийн хөрөнгө болон татаас олгоно. Ингэснээр ААН-үүд жижиглэнгийн шатахууны үнийг боломжит түвшинд барих боломжтой болно. Нийт 100 гаруй сая ам.доллар зарцуулах тооцоо гарсан. Мөн энэ хууль батлагдсанаар гурил, махны үнэ тогтвортой барина. Үйлдвэрлэгчид, тариаланчдад хөнгөлөлттэй зээлийг төрөөс олгоно.

-Импортоор оруулж ирдэг цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн татварын таван хувийг он дуустал цуцлах саналыг УИХ-д оруулахаар боллоо.

-Дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдээ НӨАТ-аас чөлөөлөх саналыг УИХ-д оруулахаар боллоо.

-Дотоодын хүнсний үйлдвэрлэгчдийг дэмжиж нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Үүнийг 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд олгоод явна. Хүүгийн татаасыг төрөөс олгоно. Төсвийн тодотголд хүүгийн татаасыг шингээнэ. Хүнсний ногоо тарих, тариалан эрхлэх, боловсруулах үйлдвэр эрхлэгчдэд олгоно. Энэ нь хүнсний хомсдол үүсгэхээс сэргийлэх зорилготой.

Төсвийн хэмнэлтийг хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзлээ. Төсвөөс санхүүждэг бүх байгууллага үүнд хамаарна гэдэг улс төрийн шийдвэр гаргалаа. Үүнд.

1. Төрийн өмчит компаниуд дээр дэд захирал болон бусад шаардлагагүй албан тушаалтныг хуулиар хязгаарлана.

2. Төрийн 39 компанийн 34 хувьд "IPO" гаргана.

3. Төрийн өмчийн 10 орчим компанийг нэгтгэж, 10 орчмыг татан буулгана.

4. Засгийн газар 10-15 хувийн хэмнэлттэй зарчмаар ажиллах болно.

5. Гар утасны зардал төлөгддөг, үгүй байх асуудлыг хуулиар зохицуулна.

6. Зочин төлөөлөгч хүлээж авах зардлыг гаргахгүй байхыг хуулиар зохицуулна.

7. Бэлэг авахтай холбоотой асуудлыг хуулиар зохицуулна.

8. Гадаад дотоод томилолттой холбоотой төрийн байгууллагад зорчихдоо бизнес ангиллаар зорчих асуудлыг хуулиар зохицуулна. Өөрөөр хэлбэл, аль ч шатны төрийн албан хаагч энгийн ангиллаар зорчих болно. Хүсвэл өөрөө нэмэлтээр зардлаа гарган явж болно. Энгийн ангиллаар зорчихдоо үндэсний авиа компанийг эхэнд тавина.

9. Төрийн тусгай албан хаагчаас бусад төрийн албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй байхыг энэ хуулиар зохицуулна.

10. Төрийн байгууллагын сургалт семинар болон бичиг хэргийн зардлыг цахимжуулахтай холбоотой асуудлыг хуулиар зохицуулна. Мөн төрийн байгууллага аль ч түвшин хэмнэлт гаргаж болох талаар хуулийн хүрээнд нээлттэй олон нийтийн санал асуулга явуулах болно.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх чиглэлд хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах замаар хувьсах зардлыг хоёр дахин нэмэхээр боллоо. Эхний ээлжинд цэцэрлэгийн хүртээмжийн дүүрэг, хороо бүрээр гаргаж, анхаарч ажиллана. Хувийн хэвшлийнхэн дэргэдээ цэцэрлэг ажиллуулбал татвараас чөлөөлнө гэж Ерөнхий сайд мэдээллээ.

Мөн Засгийн газраас ажилтны төлсөн НДШ-ийн 50 хувийг сар бүр буцаан олгох зарчмын саналыг УИХ-д оруулахаар болжээ.

19 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page