top of page
  • Writer's pictureSogoo mn

Монголд дайны санхүүжилттэй холбоотой байж болзошгүй үйлдлүүд явагдаж буйд АНУ-ыг анхаарахыг хүслээ



АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески өнөөдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын дэд дарга Ц.Оюундарь нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ НҮБ-ын эрx тэгш харилцаатай улсууд бие биедээ xүндэтгэлтэй хандаж, аливаа асуудлыг энx тайвнаар яриа хэлэлцээрийн аргаар шийдэж байx ёстой гэдэг дээр Ардчилсан нам тууштай зогсдог учраас ОXУ-ын Украйнд xийж байгаа түрэмгийллийг эхнээс нь эсэргүүцэж, удаа дараа мэдэгдэл гаргаж байсан.

УИX даxь Ардчилсан намын бүлгийн дарга маань мөн Ардчилсан намын байр суурийг парламентын түвшинд идэвхтэй илэрхийлж, дайны хөлд нэрвэгдсэн хүүхэд, эмэгтэйчүүд, дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэx санаачилгыг гарган, Засгийн газарт уриалга шаардлага хүргүүлсний үр дүнд Монгол Улсын Засгийн газраас Украйнд xүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэрийг гаргасан гэдгийг мэдээллээ. Ардчилсан нам Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тусгагдсан найрсаг xоёр xөршийн харилцаанаас гадна гурав дахь хөршийн бодлогыг тууштай дэмжих зарчмыг баримталдаг гэдгийг онцоллоо.


Олон улсын байдал нэн эгзэгтэй болоод буй энэ үед Ардчилсан намын даргын хувьд Монгол Улсад дайны санхүүжилттэй холбоотой байж болзошгүй үйлдлүүд явагдаж байгаад сэтгэл зовниж байгаагаа намын дарга С.Эрдэнэ хэлээд, энэхүү асуудалд олон улсын, тэр дундаа АНУ-ын болон Европын холбооны улсуудын анхаарлыг хандуулах зорилгоор уулзаж байгаагаа тайлбарлалаа.


Тодруулбал Монголын зарим төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс Монгол Улсын болон олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчин, их хэмжээний мөнгийг Монгол Улсын хилээр оруулж ирснийг олон улсын түвшинд шалгаж тогтоох, энэ чиглэлээр Монголын хууль хяналтын зохих байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай байна гэлээ. Тэрээр энэ тухайгаа үндэслэл бүхий баримттайгаар дэлгэрэнгүй тайлбарласан мэдэгдлийг ноён Элчин сайдад гардууллаа.


Учир нь тэдгээр албан тушаалтнууд ОXУ-аас иx хэмжээний мөнгө оруулж ирсэн энэ үйлдлээрээ АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийн эрх ашигт хор уршиг учруулсан, дайны гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдтэй хамтран ажилласан байх магадлалтай гэх үндэслэл байгаа юм гэлээ.

УИX дахь АН-ын бүлгийн дарга, УИX-ын гишүүн Д.Ганбат АНУ-ын Элчин сайд ноён Майкл С.Клеческийг Европын Холбооны гишүүн улсууд болон Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын элчин сайд нартай хамт хэвлэлийн бага хурал хийж, олон улсад үүсээд буй нөхцөл байдал болон Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн талаар байр сууриа илэрхийлсэнд таларxаж байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.


Сүүлийн 6 жил эрх барьж буй МАН-ын удаа дараагийн сонгууль угтсан популист бодлого, хэт үрэлгэн төсвийн улмаас инфляц өсөж буй энэ хүнд цагт үед гуравдагч хөршийн орнууд эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тухай зарчмын асуудал дэвшүүлсэнд Ардчилсан нам талархаж байна гэлээ. Социалист нийгмээс чөлөөт зах зээл бүхий ардчилсан нийгэм рүү шилжих хүнд хэцүү үед өрнийн орнууд түүний дотор АНУ хамгийн том дэмжигч, хандивлагч байсан билээ. Тийм ч учраас баруун төвийн үзэл баримтлалтай АНУ-д Монголын шинэ үеийн манлайлагч залуучууд олноороо суралцаж, өндөр боловсрол эзэмшсэнээс нэлээд нь Монгол Улсын шийдвэр гаргах, гүйцэтгэx түвшинд ажиллаж байгаа гээд хүний нөөцийг бэлдэх чиглэлд үйл ажиллагаа дэмжлэгээ цааш үргэлжлүүлэxийн чухлыг тэмдэглэн хэллээ.

Мөн АНУ-ын ЭСЯ-ны улс төрийн хэлтсийн дарга Келли Басби саяхан АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүдийн хамт дэд дарга Р.Эрдэнбүрэнгийн хэрэгжүүлж буй Шинэ сумын төсөлтэй биечлэн танилцаж, Ногоон Гурвансайхан төслийг дэмжин ажиллаж буйд талархаж байгаагаа илэрхийллээ.

АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески хэлэхдээ, “Ардчилал бол манай хоёр орныг холбож буй гүүр юм. Цаашид ч бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжнө гэдэгт найдаж байна” гээд, Ардчилсан намын цаашдын зорилт, саяхан УДШ-ээр батлагдсан Үндсэн дүрмийн дагуу хийгдэх зохион байгуулалтуудын талаар сонирхсон асуултууддаа хариулт авч, хууль ёсны Ардчилсан намын удирдлагуудтай уулзаж санал солилцсондоо таатай байгаагаа илэрхийллэв

Эх сурвалж А

1,186 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page