top of page
  • Writer's pictureSogoo mn

Монгол Тулга

Ил задгай гал түлж, дээр нь тогоо тавих хэрэгсэлийг тулга гэнэ. Тулга нь гал голомтын хамгийн эрхэм хэрэглэл тул өрх өсгөж, сум сунгах үйл хамгийн томоохон байр эзлэх ба томсгон хэрэглэх уламжлалтай. Мөн халуун төмөрлөгийн урлалд ч тулга, дөрвөлж, хайч, шилээвэр, хусуур, хутгуур зэрэг нь бүгд нэгэн иж бүрдэл болж хэрэглэгдэнэ.

Тулга нь анх гурван хөлтэй, нэг цагирагтай байсан бол нийгэм, төмөрлөгийн урлалын хөгжлөөс хамаарч гурван цагирагтай, гурван хөлтэй болж улам боловсронгуй болсоор дөрвөн хөл, зургаан хөл, олон цагирагтай, хасагтай, шигшрэгтэй төмөр тулга бий болжээ.

Тулгын гурван чулууг эзэн, эзэгтэй, боол буюу хаан, хатан, боол хэмээн нэрлэдэг. Гурван хөлнийх нь баруун тал нь хаан, зүүн тал нь хатан, адгийн хөлийг боол тулга гэх бөгөөд боол тулгыг ачлагын тэмээний толгой руу харуулахыг цээрлэнэ. Тулгыг ачаалахдаа ачааны голд ямааны арьс, мод тавьж ачаалдаг заншилтай.

Хуримын зан үйлд худ нь тулга төхөөрч, худгай нь тогоо төхөөрдөг нь арга билгийн зан үйлийг агуулж байна. Мөн шинэ гэр барихад тулгын гурван чулууг чандманлан тавьж, хэт цохин гал үүсгээд цай чанадаг заншил нэн эртний уламжлалтай бөгөөд өдгөө ч энэхүү уламжлал хадгалагдаж шинэ гэр барихад тулгандаа гал түлж цай чанадаг заншилтай.

Тулгыг галд тэсвэртэй төмөрлөг ган төмөр, ширэм зэргээр хийнэ. Мөн махан төмрөөр хийх нь эдэлгээ урттай, бат бөх болдог ажээ. Тулга нь хөл, хүрээ, тотгоноос бүрдэнэ. Тулганд тогоо тавих хэсгийг "тотго" гэнэ, тулга нь 1-6 хүрээтэй байх ба тулганы хүрээ, хөл хоёрын хоорондох зайг “цонх” гэж нэрлэнэ. Тулга нь айл гэрийн гал голомтоо бадраах эрхэм эдлэл төдийгүй Монгол дархны төмөрлөгийн урлалын амин чухал хэрэгсэл юм. Тулгыг томруулан хэрэглэх уламжлал тухайн айлын эд баялаг, хүн бүл, мал сүрэг үржин өсөхтэй шүтэлцээтэй байдаг.

Цонхоор гал шилээх бөгөөд галыг сэргээж засах хэрэгсэлийг “шилээвэр” гэнэ. Тулгыг гоёмсог угалзтай бадам, алхан хээ, долоон эрдэнэ, найман тахил зэргээр хээлэн чимэглэдэг байна.




86 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page