МУГЖ Д.Сосорбарам руу гурил цацлаа
Нийслэлийн Ардчилсан намаас "Монголоо Беларусь болгохгүй" цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулав. Цуглааны үеэр МУГЖ Д.Сосорбарамыг үг хэлж байхад дээлтэй залуус түүн рүү гурил цацлаа.
МУГЖ Д.Сосорбарам гурил цацсан залууст “Над руу гурил цацсан муусайн гурилнууд та нар КГБ-ын хэрчимд өртөнө. Сталины гар хөл болж, Монголын сор болсон охид хөвгүүдийг хядсаныг та нар өмөөрөөд явж байна. Ичиж, далд ор. Монголд байж чадахгүй бол Азизовтойгоо Орос руу тонил. Х.Баттулгатайгаа зайл, та нар. Та нараас айхгүй. Энэ бол юу ч биш. Илүүг үзэж, харж чадна. Ардчилал, үнэт зүйлийнхээ төлөө өөрийгөө зольсон олон хүний өмнөөс энэ үгийг бардам хэлнэ.
Монгол хүн болохоор та нарыг өрөвдөж байна. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал хоёрыг алсан шиг та нарыг алах вий гэж харамлаж байна. Улаан юм цацсангүй. Цагаан гурил цацсан болохоор сэтгэл нь цагаан юм" хэмээв. Харин гурил цацсан иргэн, "Монгол Оросгүйгээр оршин тогтнож чадахгүй. Манжийн дарлалаас оросгүйгээр 1921 онд чөлөөлөгдөж чадах байсан уу, Япончууд Халх голоор дайрч орж ирэхэд Монгол Оросгүйгээр бид оршин тогтнож чадах байсан уу, хоёр орны хооронд ингэж хагарал үүсгэж болохгүй. Та нар бол жинхэнэ терористууд" гэсэн юм.
Comments