top of page
  • Writer's pictureSogoo mn

МӨНГӨН БУГА

Энэхүү хосгүй олдворын хэмжээ 16 см х 12 см, жин 243,1 грамм. Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө цайдамд орших Билгэ хааны онгоноос 2001 онд олджээ.


2001-2003 онд Соёлын өвийн үндэсний төвд сэргээн засварлаж, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны тавдугаар сарын 21-ны өдрийн 124 тоот тушаалаар Монгол Улсын хосгүй үнэт үзмэрт бүртгэсэн байна.

Бугын хийц нь тухайн үеийн дархны урлалын хөгжлийг илэрхийлдэг. Уг бугыг бүтээхдээ хөөмөлдөх, цутгах, цоолборлох, сийлэх, алт шармал болон гагнуурыг чадамгай ашиглажээ. Бугын эвэр, чих, хошуу нүдийг тойруулан, дал, ташаан толгой, сүүлийг нь хурц үзүүртэй багажаар гүехэн сийлж алтаар шаржээ. Хэвлий тус газраа жижиг цоорхойтой. Эвэр, толгой, хөл сэлтийг их биетэй нь гагнасан. Бугын туруун доод хэсэгт ямар нэгэн зүйл шигтгэн тогтоож байсан бололтой хадаас мэт суурь буй.

Бугын хоёр дал, ташаан толгой орчимд урдаас хойш чигтэй цэцэг навчин хээг далавч адилаар сийлж, сийлбэрийн нарийн зураасыг тодруулан алтаар шарсан. Нэг эвэр нь хугархай, нөгөө эвэр нь зургаан салаатай, гагнаасгүй сул. Нүдний цөцгий, зовхи, хошуу, амыг нь товойлгон урласан. Өндөр нарийн хүзүүг их биетэй нь гагнасан, зогдорын үсийг нарийн зураасаар сийлж алтадсан, мөн их бие, хөлний ихэнх хэсгээр олон нарийн хэрчлээ зураасаар үс хялгасыг нь дүрсэлсэн. Хавиргыг нь хажуу биед гурван хэрчлээс гарган цоолборлон сийлсэн. Босоо далбагар өрөөсөн чихтэй. Өдгөө Монголын Үндэсний музейн II танхимын үзмэрт байршуулсан байдаг.

Иймэрхүү бугын модон сийлбэр 1924 онд П.К.Козловын Ноён ууланд малтсан Хүннүгийн VI булшнаас гарч байжээ. Энэ дурсгалын судалгааг эрдэмтэд хийж буй бөгөөд одоогоор дараах эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдсэн байна.

Үүнд: Д.Баяр, Ч.Амартүвшин, А.Энхтөр, Ж.Гэрэлбадрах нарын “Билгэ хааны тахилгын онгоны судалгаа”/ Studia archeologica. Tom. XXI (I), Fasc.9.УБ 2003, т.75-84, Д.Баяр Древнетюркские мемориальные компексы в Монголии/, Д.Баярын “Монголын дундад зууны археологийн судалгаа” УБ 2014, 61-70 тал, мөн Sorn Stark, “Die Altturkenzeit in Mittel und Zentralasien, Archaeologische und Historische Studien. Weisbadan 2008, abb 101 болон Some Remarks on the Headgeear of the Royal Turks/ Journal of Inner Asian Art and Archaeology 4 (2009) pp 119-133, С.И.Руденко Культура Хуннов и Ноин-улинские курганы. М-Л.,1962. Стр 200 зэрэг бүтээлүүдийг энд нэрлэж болно.


Монголын Үндэсний Түүхийн Музей



17 views0 comments

Related Posts

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page