ОНГИ ТАМГА
Чингис хаан Хорезмын хаант улсыг эрхшээсэн үед буюу 1221 онд Самарканд хотноо дэлдүүлсэн нэгэн зоосон дээр “Чингис хаан. Чингис хааны мөнгө. Самарканд 1221 он” хэмээн арабаар бичээд энэхүү тамгыг сийлсэн байдаг.
Нэрт эрдэмтэн Х.Пэрлээ гуай “Монгол түмний гарлыг таамгаар хайж судлах нь” хэмээх алдарт бүтээлдээ судлаж тэмдэглэснээс үзвэл энэ тамгыг Онгин буюу Наран тамга гэх бөгөөд одоогийн Хэнтий аймгийн нутаг дахь алдарт Рашаан хаднаа дүрслэгдсэн эртний монголын хиад угсаатны овгийн тамга ажээ. Чингис хаан хиад ястан байсныг түүхэнд тэмдэглэсэн буй.
Монголын эзэнт улсын хаадууд төр улсынхаа мөнгөн дээр өөрсдийн нэр цол, он цаг, газар орныг тэмдэглэхийн сацуу омог угсааныхаа тамгыг тавьдаг тогтсон уламжлалтай байсан нь түүхэн баримттай зүйл.
Чингис хааны нэрийг бичсэн энэ зоосон дээрхи ширээтэй онгин тамга өөр ямар ч хааны зоосон дээр үзэгдээгүй тул үүнийг гагцхүү Чингис хааны овгийн тамга байх хамгийн их магадлалтай гэж олон орны нумизмат судлаачид санал нэгджээ.
Түүхийн ухааны доктор (Ph.D) Б.Нямаа

Comments