Очирай бат түшээт хан Дашнямын Доржсүрэнхоролжав.
Чингис хааны алтан ургийн сурвалжит язгууртан Хиад Боржигод Сүүлчийн Түшээт ханы хэргэмийг залгасан Доржсүрэнхоролжав нь 1912 онд 4 насандаа өөрийн эцгийн хэргэмийг Монгол улсын эзэн хааны зарлигаар залгасан. Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны эдүгээгийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хөгшиний голын хөндийд ханы сууринд сууж, томоохон найр наадам болсон гэдэг. Мөн тэрбээр Олнаа өргөгдсөний тавдугаар (1915) онд Зарлигаар Сүсэг хүчин төгссөн номун хэмээх цол үе улиран хүртжээ. Ардын хувьсгал ялсны дараагаар урьд цагийн хаад ноёдын эрх мэдэл бууран устгагдаж байсан үед /1922 онд/ Доржсүрэнхоролжав бээр ханы хэргэмээсээ сайн дураар татгалзаж Дамдиндорж хэмээх сахилын нэрээр буян номын мөр хөөсөн хуврага болжээ. Очирбат Түшээт хан Дашнямын хөвгүүн Доржсүрэнхоролжав бээр феодал хэмээгдэн 1929 он, 1931 онд мал хөрөнгө, хөрөнгө зүйлээ хураалгаж, хорих газар ял эдэлж явсан ба мөн тухайн үеийн алдаатай бодлого, цаг бусын аюулын улмаас улс төрийн их хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж, “Ёнзон хамба Лувсанхаймчигийн хэрэг” гэх зохиомол хэрэгт гүтгэгдэн Онцгой бүрэн эрхт Комиссын 1937 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаар хурлын тогтоолоор дээд хэмжээ буюу буудан хороох ялаар үгүй болсон билээ. Очирбат Түшээт хан Д. Доржсүрэнхоролжав / Дамдиндорж/-т холбогдуулсан хэрэг нь хилс зохиомол байсан нь нотлогдсон тул уг хэргийг 1992 оны 2-р сарын 11-ний ДШЦК-ийн 21-р магадлалаар ялыг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, нэр төрийг нь сэргээжээ.
Comments