top of page
  • Writer's pictureSogoo mn

Сайн ноён хан Намнансүрэн

Эзэн Чингисийн алтан ургийн сурвалжит язгууртан Ар

Халхын Гэрсэнз Жалайр хунтайжийн ач хүү Түмэнхэний 14 дүгээр үе, Халхын Түмэнхэн номун эзэн, Итгэмжит Эетэй эрх дайчин Сайн ноён хан, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн.




Халхын Гэрсэнз Жалайр хунтайжийн ач хүү Түмэнхэний 14 дүгээр үе. 1911 оны Үндэсний хувьсгалд идэвхтэй оролцож, Монгол улсыг дахин сэргэн мандуулахад гавьяа байгуулсан учир Богд хааны зарлигаар “Үе улиран хан, ногоон жууз, шар хүрэм, улбар шар жолоо, итгэмжит эетэй, эрх дайчин цол олгосон. 1912 оны дундуур Богд хааны зарлигаар Бүгд ерөнхийлөн шийтгэх яамыг байгуулж, тэргүүн сайдаар томилогдсон. 1912 оны 11 дүгээр сарын 2-нд байгуулсан Монгол-Оросын гэрээ байгуулахад оролцсон. 1913 оны 10 дугаар сарын 18-нд Сайн ноён хан Намнансүрэн тэргүүлэн Засагт ван Удай, Гадаад яамны дэд сайд Цэрэндорж, Цэргийн яамны дэд сайд Чимиддорж, орчуулагч Цэвээн зэрэг 28 хүний бүрэлдэхүүнтэй Хаант Орос улсад айлчилсан. Энэ айлчлалаар Сайн ноён хан Намнансүрэн Эзэн хаан хоёрдугаар Николай хаан, Гадаад яамны сайд С.Д.Сазонов, Ерөнхий сайд В.Н.Коковцев, Цэргийн яамны сайд В.А.Сухомлинов, Тэнгисийн цэргийн яамны сайд адмирал Григорович нарын олон хүмүүстэй уулзсан. Санкт-Петербург хот дахь гадаадын улсуудын элчин сайдуудтай уулзахаар хичээл зүтгэл гаргасан хэдий ч амжилт олоогүй байна. Зорьсон хэрэг бүтээгүй ч Хаант Орос улсын аж үйлдвэр, соёл, шинжлэх ухааны олон газруудтай танилцаж, Эрхүүд суралцаж байсан монгол сурагчидтай уулзсан.

Олон улсын парламентын жишгийг харгалзан эзэн хаанд зөвлөх эрх бүхий Улсын дээд, доод хурлыг 1914 онд санаачлан байгуулсан. Ж.Цэвээнд даалгаж, үндсэн хуулийн төсөл “Улсын эрх” хэмээх зохиолыг боловсруулуулжээ. Сайн ноён Намнансүрэнгийн тэргүүлсэн Засгийн газар Иргэний сургууль байгуулах, Монгол улсын албан түүх бичих, “Шинэ толь”, “Нийслэл хүрээний сонин бичиг” тогтмол хэвлэл гаргах, телефон утас, бага оврын цахилгаан станц байгуулах, төмөр зам тавих зэрэг ажлыг эхлүүлж байжээ. Тэрбээр 1915 оны 9 дүгээр сараас Цэргийн яамны тэргүүн сайдаар хавсран ажилласан. 1919 оны хаврын эхэн сард 41 насандаа учир битүүлгээр нас баржээ.

81 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page