top of page
  • Writer's pictureSogoo mn

Халхын сүүлчийн СЭЦЭН ХАН НАВААННЭРЭН.

СЭЦЭН ХАН НАВААННЭРЭН.

Гэрэл зургийн тайлбар: Махасамди Далай Сэцэн хан Цэрэндондовын Навааннэрэн (1887- 1937).

Халхын дөрвөн ханы нэг, төрийн зүтгэлтэн

Сахилын нэр Юндэнбазар, цол Махасамди Далай Сэцэн.

Чингис хааны алтан ургийн язгууртан, Гэрсэнз Жалайр хунтайжийн залгамчир, Сэцэн хан Шолойн тавдугаар хөвгүүн Сэцэн хан Бабугаас 15 дугаар удаад залгамжилсан. Тэрбээр 1910 оны нохой жил Сэцэн хан залгамжилсан.

Монголын тусгаар тогтнолыг сэргээх хэрэгт идэхтэй оролцсоны учир 1912 оны 1 дүгээр сарын 21-нд Богд хааны зарлигаар үе улиран ногоон жууз, шар хүрэм, улбар шар жолоо, Махасамди Сэцэн цол шагнагдаж, Хан Хэнтий уулын чуулганы даргын албанд томилогдсон.

Ц.Навааннэрэн 1921 оны хувьсгалыг талархан хүлээн авч, 1922 оны эхээр Монгол Улсын Дотоод явдлын яамны тэргүүн сайдаар томилогдож, “Засаг ба засаг бус ван, гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм”, “Монгол Улсын орон нутгийн засаг захиргааны дүрэм” зэргийг боловсруулахад голлон оролцож, эрх зүйн шинэтгэл хийхэд хувь нэмэр оруулсан.

Ц.Навааннэрэн 1925 онд А.Амар тэргүүнтэй МАХН-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Бээжинд очиж генерал Фэн Юй Сянтай хэлэлцээр хийхэд оролцон, Ванчин Богдод Монгол Улсын Засгийн газрын урилгыг гардуулж байв. 1925 онд ДЯЯ-ны сайдын албанаас чөлөөлөгдөн, арваад жил Гандантэгчинлэн хийдэд эгэл ламын ёсоор суув. 1935 оноос Шинжлэх ухааны хүрээлэнгийн орлогч даргаар томилогдож, Монгол, Манжийн хооронд “Халхын сүм”-ийн асуудлаар хилийн будлиан үүсэх үед тэрхүү хил хязгаарын түүхэн үндсийг нотлох ажлыг Ц.Навааннэрэн хийсэн.

Тэрбээр 1937 оны сүүлчээр “Заговор” (Хуйвалдаан) хэмээх хилс хэрэгт гүтгэгдэн цаазлуулсан. 1991 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 108 тоот магадлалаар Сэцэн хан Навааннэрэнг цагаатган, нэр төрийг нь сэргээсэн.

Түүхч, доктор Ж.Болдбаатар.


Ашигласан ном зохиол:

Бат-Очир Лха. Халхын хаадын төгсгөл. УБ., 2002.

Өлзийдолгор Д, Ариун-Эрдэнэ Х. Махасамади Далай сэцэн хан Цэрэндондовын Навааннэрэн. УБ., 2006.

Болдбаатар Ж., Монгол түмний сод хүмүүс.Төрийн зүтгэлтэн. Дэд боть. УБ., 2015.Тал 250-258




124 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page