top of page
  • Writer's pictureSogoo mn

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМД ҮҮССЭН ХУР ХОГИЙГ ЦЭВЭРЛЭВ


“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 0-8 дахь км хүртэлх автозамын дагуух үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэх асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци-тай хийсэн уулзалтын үеэр хөндөж, санаачилга гаргаснаар уг ажил үр дүнд хүрлээ.

БОАЖЯ-ны ХБОБЗГ-ын дарга Б.Буяннэмэхээр ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг, Ханбогд сумын Хайрхан (Цагаанхад) багийн нутагт ажиллаж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 0-8 дахь км хүртэлх автозамын дагуух үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэх, зөвшөөрөлгүй газар эзэмшин үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжүүдийг албадан нүүлгэх ажлыг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэлээ. Энэхүү төлөвлөгөөт ажлыг орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд, “Эрдэнэс Тавантолгой” ХК, туслан гүйцэтгэгч компаниуд, ”Энержи Ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон автотээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд хамтран гүйцэтгэв.

Хог цэвэрлэгээнд нийт 100 гаруй хүн оролцож, 8 их даацын өөрөө буулгагч болон дугуйт ачигч, экскаватор, ачааны автомашин ажилласнаар 193 га талбайн 8400 тонн хог хаягдлыг Цогтцэций сумын хог хаягдлын цэгт төвлөрүүллээ. Мөн нийтийн эзэмшлийн талбайд байгуулсан стандартын шаардлага хангахгүй 6 нийтийн бие засах газрыг түрж устган, дахин ашиглахаар 1400 ширхэг дугуйг цуглуулсан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас дээрх хугацаанд байгаль орчин, тээвэр, орон нутаг хариуцсан мэргэжилтнүүд, дотоодын цэргийн албан хаагчид, техник хэрэгслийн операторууд, туслан гүйцэтгэгч “Спейшл Майнинг Сервис” ХХК-ийн ажилтан зэрэг давхардсан тоогоор 143 ажилтан, 68 техник хэрэгсэл ажиллуулж, хогны уут, ажлын бээлий, хамгаалалтын ковер хувцсаар зохих хэмжээгээр хангав.

Цогтцэций сумын засаг даргын 2023 оны А/304 дүгээр захирамжаар байгуулагдсан газар чөлөөлөх, албадан нүүлгэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг зөвшөөрөлгүй газар ашиглаж буй гэр болон зөөврийн сууц ашиглагч 120 иргэнд сумын засаг даргын албан мэдэгдлийг хүргүүлсэн. Мэдэгдлийн дагуу компаниас зөвшөөрөлгүй буусан аж ахуй нэгж, байгууллагуудын зургийг дроноор авч, оpтофото зураг гарган,10 км урт замын хажуугийн зөвшөөрөлгүй орц, гарц хаах ажлын хийж гүйцэтгэн, 9 дүгээр сарын 7-8 ны өдрүүдэд нийт 26 байршилд 29 гэрийг албадан буулгаж, журмын хашаанд байршуулан, 4 гэрийг эзэнд нь хүлээлгэн өгөв.

Цаашид компанийн нүүрс тээврийн хариуцлагын гэрээнд нэмэлтээр байгаль орчныг хамгаалахтай холбоотой заалтуудыг оруулахаар боловсруулж, Салбарын захиралд танилцуулан, “Тээвэр зохицуулалтын хэлтэс”-н удирдлагууд болон холбогдох мэргэжилтэнд хүргүүлэн ажиллалаа.


“ТАВАНТОЛГОЙ – ГАШУУНСУХАЙТ” ЧИГЛЭЛИЙН НҮҮРС ТЭЭВРИЙН 0-8 ДАХЬ КМ-ИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ, ХОГ ХАЯГДАЛ ӨМНӨ НЬ




“ТАВАНТОЛГОЙ – ГАШУУНСУХАЙТ” ЧИГЛЭЛИЙН НҮҮРС ТЭЭВРИЙН 0-8 ДАХЬ КМ-ИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ, ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭСНИЙ ДАРАА






7 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page