top of page
  • Writer's pictureSogoo mn

Хөнгөн галт тэрэг 2024 оноос явж эхэлнэ


УИХ-ын Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны хуралдаанаар "Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих" төслийн талаарх мэдээлэл хийв.

Танилцуулгыг “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” УТҮГ-ын дарга Ч.Батзориг хийлээ.


Тэрбээр, “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ төрөл нэвтрүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх, авто замын сүлжээний ачааллыг бууруулах зорилгоор LRT буюу тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг тавих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр нь гурван трасстай бөгөөд эхний ээлжид 1 дүгээр шугамын чиглэлийн трассын бүтээн байгуулалтын ажлыг 2022 оны тавдугаар сард багтаан эхлүүлэхээр төлөвлөсөн. 1 дүгээр шугам нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа 2” хороолол орчмоос Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сансрын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжилнэ. Харин хоёрдугаар трасс нь Шар хаднаас Толгойт хүртэл 17.5 км, гуравдугаар трасс нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Зунжин хүртэл 14 км байхаар тооцсон. Одоогийн байдлаар 1 дүгээр шугамын ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийж дууссан.

Хөнгөн галт тэрэг ашиглалтад орсноор түгжрэл 25 хувиар буурна

Тулгуурт гүүрэн байгууламжийн эхний шугамын төсөвт өртөг нь 926 орчим сая ам.доллар бөгөөд нэг километрийн зардал 51.1 сая ам.доллар байхаар тооцсон. Санхүүжилтийн 15 орчим хувийг нийслэлийн төсвөөс, 85 хувийг БНХАУ-аас авах зээлээр хийнэ. 1 дүгээр шугамын трасс дагуу 15 буудалтай, 110 орчим га газарт бүтээн байгуулалт хийгдэнэ. Төслийн нөлөөлөлд өртсөн газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөсөн. Энэ газарт 30 га газарт депо, 63 га газарт авто зогсоол, 17 га газарт оффис, худалдаа үйлчилгээний зориулалтын бүтээн байгуулалт хийгдэх бөгөөд газар чөлөөлөхөд 7.5 орчим тэрбум төгрөг шаардлагатай.

Нэгдүгээр шугамын трассыг 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулж, туршилтын галт тэрэг явж эхэлнэ. Туршилтын галт тэрэг зургаан сарын хугацаанд явуулаад 2025 оноос нийтийн тээврийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр шугамын хөнгөн галт тэрэг ашиглалтад орсноор чиглэлийн дагуу түгжрэл 25 хувиар буурна” гэв

30 views0 comments

Comentários


Сүүлд нэмэгдсэн

bottom of page