top of page
  • Writer's pictureSogoo mn

Төвхөн хийд

Төвхөн хийд.


Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “Дубхан” буюу “Бүтээх байр” гэж нэрлэжээ. Энэ үг нь явсаар өдгөө “Төвхөн” болсон байна.

Өндөр гэгээн Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд “Соёмбо” үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг харлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу “Тэргүүний нь үс ургаж байсан” гэгдэх гайхамшигт шүтээн дүрээ бүтээж, ур ухааны оргил болсон хосгүй нандин бүтээлүүдээ урлажээ.

Төвхөн хийд нь Өвөрхангай, Архангай аймгийн нутгийн заагт Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 км, Бат-Өлзий сумын төвөөс 50 км зайтай Өндөр-Овоот буюу Шивээт Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай байгалийн өвөрмөц тогтоцтой хадан ууланд оршдог. Уулын бэлээс хийд хүртэл 5 км өгсөж хүрнэ. Хийдийн дэргэд 2 худаг байдаг бөгөөд баруун худгийг амны ус, зүүн худгийг угаалгын ус гэдэг. Анхдугаар Богд энэ 2 худгаас цайны ус болон угаал үйлдэх усаа авдаг байжээ. Түүний баруун хойд талын хадан дээр Өндөр гэгээний ажлын, зүүн талд нь номын сангийн агуй нь байдаг. Баруун хойд хадан дээр Өндөр гэгээний монгол гутлын мөр /38см/, гарын алганы мөр үлдсэн хэмээдэг.

Төвхөн хийд нь хурлын дуган, Очирдарь, Гомбогүр бурхадын сүм, Бүтээлийн сүм, Мөнх зулын сүм, хоёр суварга, хүрдний саравч бүхий 14 сүм дугантай байжээ.


104 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page