top of page
  • Writer's pictureSogoo mn

Төрийн ордон

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Төрийн ордон

1921-1924 онд ардын төрөөс хэрэгжүүлсэн улс төр, нийгэм, эдийн засгийн гол арга хэмжээ бол 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын эхний ололтыг бэхжүүлж, Богд хаант төрийн хууль тогтоомж хэв хэмжээг бүрмөсөн халж Монголд үндсэн хуульт Бүгд Найрамдах байгуулал тогтоох явдал байжээ.

1924 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улсын анхдугаар Их Хурал Нийслэл Хүрээнээ нээгджээ. Их Хуралд олон аймаг, хошуу, шавийг төлөөлсөн 77 төлөөлөгч оролцжээ. Их хурал ардын Засгийн газрын тайлан, яамд болон аймаг, шавь тусгай хошуудын илтгэлийг сонсож Ардын Засгийн эхний 3 жилийн үйл ажиллагааны үр дүнг сайшааж уг асуудлаар тусгай тогтоол гаргасан байна. Улсын анхдугаар Их хурлаар БНМАУ-ын анхдугаар үндсэн хуулийг баталжээ. Энэ нь Монголын төрийн түүхнээ анх удаа хаант ёсыг халж үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж туурга тусгаар төр улсаа “Бүрэн эрхт Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэж дэлхий дахинд тунхагласан түүхэн ач холбогдолтой болжээ.

Анхдугаар их хурал Үндсэн хуулиа баримтлан Улсын бага хурлыг 30 хүний бүрэлдэхүүнтэй сонгожээ. Бага хурлын бүрэлдэхүүний 23 нь ард, 6 нь тайж гаралтай, нэг нь лам хүн байжээ. Их хурлын дараа бага хурал хуралдаж малчин ард гаралтай 5 хүнийг тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулан Улсын бага хурлын даргаар Пэлжидийн Гэндэн, БНМАУ-ын Ерөнхий сайдаар Балингийн Цэрэндоржийг баталжээ. Их хурал Нийслэл хотын нэрийн тухай асуудлыг нилээд маргаантай хэлэлцжээ. Зарим төлөөлөгч “Монгол Ардын Намын Бээжин” гэх санал тавихад Б.Цэрэндорж нар Бээжин гэдэг нь Хятад үг тул Улаанбаатар хэмээн нэрлэе гэснээр Их Хурал БНМАУ-ын нийслэл – Улаанбаатар хот гэж баталсан ажээ.

Монгол Улсын анхдугаар Их хурал хуралдсан байр, 1924

Шинэ үндсэн хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа эхэлсэн БНМАУ-ын Төр засгийн дээд байгууллага Улсын бага хурал, Засгийн газар нь 1950-иад оны эхэн хүртэл Нэгдсэн ордонтой болоогүй янз бүрийн байруудад байрлаж байснаас түүний үйлчилгээ нь нэгдсэн системд орж чадаагүй байв. Их бага хурал, Төрийн ёслол зэрэг төр, засгийн төвлөрсөн томоохон арга хэмжээ нь 1926 онд байгуулсан Ардын цэнгэлдэх хүрээлэнд явагддаг байв. “Ардын цэнгэлдэх” хүрээлэнгийн архитектур бол Монгол үндэсний уран барилгын уламжлалтай нягт холбоотой гэр хэлбэрийн барилга байв. Түүнийг Улаанбаатар хотын төв дунд одоогийн Сүхбаатарын талбайн хойд талд барьсан байв. Хүрээлэнгийн барилгын орой нь асар том бөмбөгөр хэлбэртэй бөгөөд түүнийг банзаар дээвэрлэж, төмөрлөсөн байжээ. Барилгын дотор тал нь баганагүй, уудам зайтай, хажуу талдаа амралтын тасалгаа, зоогийн газрын залгаа барилгатай байв. Бөмбөгөр танхимын захаар лоожтой, хойт талдаа тайзтай байжээ.

1930 онд зүүн сэлбийн баруун эрэг дээр барьсан Засгийн газрын хоёр давхар байшин нь тухайн цагтаа Монголын нийслэл хотын хамгийн томоохон барилга нь байв.Гэвч хот байгуулалтын үүднээс төр, засгийн нэгдсэн ордонг шинээр байгуулах шаардлага тавигдаж байв. Үүнээс БНМАУ-ын төрийн ордон бариулах асуудлыг нийслэл Улаанбаатар хот байгуулалтын нэгэн хэсэг болгон 1930 оны сүүлчээс сэдэн 1947 онд барилгын ажлыг эхлүүлэн 1951 онд бүрэн ашиглалтанд өгчээ. БНМАУ-ын Төрийн ордон тухайн цагтаа Нийслэл Улаанбаатар хот барилга архитектурын хувьд хосгүй сүрлэг чимэг болсон төдийгүй төр, засгийн дээд байгууллага түүний ажлын үйлчилгээний албад байрладаг Монгол түмний шүтээн болсон, европ болон дорно дахины барилга архитектурын шийдлийг хосолсон томоохон цогцолбор болжээ. Ахмадуудын дурсамжаас үзэхэд Хорлоогийн Чойбалсан /тэр үеийн БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд/ төр, засгийн удирдлага зөвлөх, мэргэжилтнүүдээ дагуулан хотын төвд ирж тэднээс Москвагийн Улаан талбай, Парисийн талбайн /Францын/ хэмжээг асууж лавлаад өнөөгийн Сүхбаатарын талбайг алхаа метрээр явган явж хэмжиж байсан гэдэг. Энэ тухай Чойбалсангийн нэгдүгээр орлогч агсан Чимэддоржийн Сүрэнжав гуай 1998 онд хуучилсан байдаг. Төрийн ордны зураг төслийг зохиохдоо хот байгуулалтын тухай гадаад орны болон Монголын хаадын /Өгөдэй хааны Түмэн Амгалан ордон/ зэрэг уламжлалт аргыг харгалзсан ажээ. Энэхүү зураг төслөөр төв талбайн хойморыг төрийн ордноор эзлүүлэн, түүнийг тойрсон баруун, зүүн, алсын урд талын барилгуудын хаалгыг төрийн ордон руугаа харуулан барихаар тогтоожээ.

БНМАУ-ын төрийн ордны барилга байгууламж, өөрчлөлт шинэчлэлт

Төрийн шинэ ордон ашиглалтад орсон нь БНМАУ-ын Засгийн газар 1930 онд барьсан хоёр давхар байшинд /одоогийн Боловсролын их сургуулийн төв байрны доод хоёр давхар/ байрлаж байв. Энэ байшинд Улсын бага хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хянан байцаах газар, зохион зааварлах хэлтэс, Улсын төлөвлөгөөний комисс байрлаж байсан бөгөөд БНМАУ-ын Засгийн газрын ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсан, түүний нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав, Улсын бага хурлын дарга Гончигийн Бумцэнд нар энд ажиллаж байв. Энэ байшин тухайн үеийн Төр, засгийн төв аппаратын өсөн нэмэгдэж байсан орон тоо, ажлын шаардлага хангахгүй болсноос гадна нийслэл хот байгуулалтад байршлаа олоогүй, төвөөсөө хазгай сэлбийн голын эрэгт байлаа. Ийм үед төрийн шинэ ордонг хотын төв талбайн хоймор хэсэгт бариулахаар шийдвэрлэж ЗХУ-аас тусламж гуйх болжээ. Энэ тухай Ч.Сүрэнжав гуай: “Монгол Улсын Засгийн газрын ордон бариулахыг би санаачилж Чойбалсанд хэлсэн юм. Чойбалсан түүнийг маш зүйтэй гэж дэмжээд намайг Москвад явуулсан юм. Би Москвад очоод К.Е.Воршиловтай уулзаж Монголын Засгийн газрыг ордонтой болгох санаатай байна. Намайг Чойбалсан явууллаа гэхэд Воршилов намайг их уриалгахан хүлээж аваад бэлэн зураг үзүүлж энэ зургаар ордноо бариулвал зүгээр юм биш үү гэсэн. Би тиймээ зүгээр юм байна гэж хэлээд уг зургийг авчирч Чойбалсанд танилцуулсан. Засгийн газрын ордон бариулах комисс томилж комиссын даргаар намайг тавьсан юм” гэв.

ЗХУ-аас авчирсан төрийн захиргааны барилгын бэлэн зургийг Засгийн газрын комисс нягтлан үзээд Монголын нөхцөл байдал, уламжлалд тохируулан зарим өөрчлөлт хийлгэжээ. Үүнд Монгол инженер Б.Мотоо, уран барималчин Чоймбол нар их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэд барилгын хаалга, эмжээр, багана зэрэгт Монгол хэлбэр маяг оруулжээ.

Ордны барилгын суурийн ажил 1947 оны 4 дүгээр сард эхэлжээ. Уул барилгын ажлыг ордны барилгын дарга Лэгцэгийн Гончиг /ахлах дэслэгч/ Улсын барилгын Хэрэг эрхлэх ерөнхий газрын нэгдүгээр орлогч хурандаа Д.Гончиг, мөн газрын орлогч Д.Жанцансамбуу, Улсын төлөвлөгөөний комиссын барилгын хэлтсийн дарга Ж.Агваанлувсан, зөвлөлтийн мэргэжилтэн Порпинов нар барилгын ажил эхлэхээс ашиглалтад ортол хариуцан гүйцэтгэжээ. Ордны барилгын баруун хэсгийн суурийн ажлыг японы олзлогдсон 300 цэрэг гүйцэтгэж 1947 оны 10 дугаар сард нутаг буцжээ.

Дараа нь засан хүмүүжүүлэх газраас 4000 хоригдлыг гэрээгээр, иргэдээс 400 ажилчдыг хөлсөөр авч ажиллуулж 1948 оны өвөл суурийн ажлыг дуусгажээ. Гэтэл 1949 оны зун тааз нь тавигдаж дууссан барилгын модон хэсгүүд нь шатаж зөвхөн төмөр, туйпуу хэсгүүд нь үлдсэн байна. Энэ тухай уул барилгыг хариуцан бариулж байсан ахмад барилгачид Д.Жанцансамбуу гуай дурсан ярихдаа: “Д.Гончиг /сүүлд барилгын яамны сайд болсон/ бид хоёр барилгын нурсан хэсэг дээр гараад бууж чадахгүй дүүжингээр бууж байлаа. Барьсан хэсэг шатсаны дараа барилгачдыг жигдрүүлж дотоодын 300, гадаадын 500 хоригдол /орос, хятад, япон/ хөлсний ажилчин 400, бүгд 1200 хүн ажиллаж ордны барилгын ажлыг дуусгасан юм” гэв. Барилгын ажилчид голдуу мэргэжлийн хүмүүс байсан бөгөөд сантехникийн мэргэжилтнээр ЗХУ-ын Федренко, цахилгааны мэргэжилтнээр мөн ЗХУ-ын Чембелюк түүнийг дагалдаж Даржаагийн Чойдог /сүүлд гавъяат барилгачин болсон/ нар ажиллажээ.

Уран барималчин Чоймбол ордны барилгын зураг баримал чимэглэлийг хийж хожим нь төрийн шагнал хүртсэн. Ордны барилгын тоосгыг Улаанхуаран, Ганц худгийн задгай тоосгоны үйлдвэрээс, шохойг Цагаан булгаас, суурийн чулууг Туул голын урд талын араас авч бэлтгэжээ. “Ордны чулуун суурь нь 4 метр зузаан тавигдсан тул ордныг долоон давхар өндөрлөх даацтай, хөрсний усгүй, lҮ зэргийн хайрган хөрстэй” гэж ахмад барилгачин Д.Жанцансамбуу, Ж.Агваанлувсан нар тодорхойлж байв. Ордны барилгын шил, төмөр, будаг материалыг ЗХУ-аас Цагаан эргээр /одоогийн Сүхбаатар хот/ дамжуулан авч байжээ. Төрийн ордны шинэ барилга 4 жилд баригдан 1951 онд дуусч ашиглалтад оржээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1951 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаар тогтоолоор томилогдсон комисс 1951 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Засгийн газрын ордныг ашиглалтад хүлээж авсан актанд гарын үсэг зуржээ. Засгийн газрын ордны шинэ барилгад 1951 ондоо багтаж Улсын бага хурал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, зохион зааварлах хэлтэс, хянан шалгах газар, Намын төв хороо, Үнэн сонины газар, Улсын төлөвлөгөөний комисс, Шүүх яам, Хэвлэл утга зохиолыг хянах газар, Зохиолчдын эвлэлийн хороо шинээр нүүн байрлажээ. Ордны шинэ байрны 3 дугаар давхрын нүүрний гол хэсэг одоогийн Соёмбот танхимын хэсэгт Х.Чойбалсан /Ерөнхий сайд/ мөн давхрын зүүн урд талд Ю.Цэдэнбал /МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга/ ордны 2 дугаар давхрын зүүн урд хэсэгт Г.Бумцэнд /улсын бага хурлын дарга/ мөн давхрын баруун урд талд Ч.Сүрэнжав /Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд/ нар байрлажээ.

Засгийн газрын ордны урд талын голын хаалгаар ордонд ажиллагсад, ар талын хаалгаар удирдлагууд нэвтэрдэг, тэдний машиныг ордны дотоод арканд тавьдаг байжээ.


11 views0 comments

Commentaires


Сүүлд нэмэгдсэн

bottom of page