top of page
  • Writer's pictureSogoo mn

УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНД ХОЁР АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭВ


БОХХААБХ: Хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлээ


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.10.24/ хуралдаан 15 цаг 37 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан юм.

Хуулийн төслүүдийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд улсын эдийн засаг сайжирч, улмаар урт хугацааны хөгжлийн эхний арван жилийн зорилт болох "Шинэ сэргэлтийн бодлого" хэрэгжүүлэх боломж бүрдээд байна. Тиймээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтын нэг болох “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх 2024 оны төсвийн төсөлд тусгасныг салбарын сайд танилцуулгадаа онцлоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, хүнсний ногоо, газар тариалангийн ажлын явц, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг технологийн парк, мах, ноос, арьс шир, түүхий эд, хүнс, сүү боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн татаасанд зориулж 223.7 тэрбум төгрөг, мөн ойжуулалт хөтөлбөрийн хүрээнд урсгал зардалд нийт 46.0 тэрбум төгрөгийг тусгасан гэж байв.

Түүнчлэн, мал эмнэлэг, газар тариалан, цаг уур орчны шинжилгээ, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, цөлжилттэй тэмцэх зэрэг салбарын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардлагатай зардлыг хянаж тусгасан гэдгийг сайд танилцуулгадаа онцолсон. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.


Төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зардлын дүн 2023 оны тодотгосон төсвөөс 103.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 755.1 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн нь Засгийн газраас 2024 онд нийт албан хаагчдын үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжих зээлийн хүүгийн татаас үзүүлэх, Төрийн албаны тухай хуулийн дагуу хөдөө орон нутагт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох, мазаалай баавгайг хамгаалах төвийг шинээр байгуулах, улаанбуудай, арьс шир, ноосны урамшууллын зардлын хэмжээг нэмэгдүүлэн төлөвлөсөн зэрэгтэй холбоотой байна. Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны урсгал зардлын төсөвт төсвийн хязгаарыг хэтрүүлэн төлөвлөсөн 45.1 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа онцолсон.


Төсвийн ерөнхий захирагч нарын 2024 онд хэрэгжүүлэх хөтөлбөр нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, зорилттой нийцэж буй хэдий ч Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, ногоон бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх, Онги-Цагаан бургастай төслийг эхлүүлэх хоёр арга хэмжээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Монгол Улсыг үхрийн цээж, ямааны годрон, үхрийн тархи сархиагтах өвчингүй, тайван байдлыг ДМАЭМБ-аар баталгаажуулах, Мал эмнэлгийн оношилгооны лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Хүнсний үйлдвэрлэлийн дэмжлэгийг эцсийн үр дүнд чиглүүлж оновчтой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийн механизм хэрэгжүүлэх, НӨАТ-ын системд тулгуурлан хүнсний бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлыг хянах, бүртгэх, дэмжлэгийг оновчтой болгох цахим системийг хөгжүүлэх зургаан арга хэмжээг тусгаагүй байгааг танилцуулгад дурдсан байлаа.


Мөн тус Байнгын хороонд харьяалагдах Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2024 оны төсвийн багцад нийт 124.3 тэрбум төгрөгийн 70 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөснөөс хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 80.2 тэрбум төгрөгийн 55 төсөл, арга хэмжээ тусгагдсан, 44.0 тэрбум төгрөгийн 15 төсөл, арга хэмжээ тусгагдаагүй байна. Үр дүнд чиглэсэн төсөвлөлтийн аргыг улсын болон орон нутаг, мөн салбарын төсөвлөлтөд хэрэгжүүлснээс бий болох үр өгөөж, ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэмжих үзүүлэлтийг тодорхой болгож, хүрэх үр дүнг богино, дунд хугацаагаар тодорхойлж үйл ажиллагааг хэмжсэнээр төсвийн зардлын ашиглалт, үр өгөөж нэмэгдэж, төсөвлөсөн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх боломжтойг Д.Занданбат дарга танилцуулгадаа дурдлаа.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор Н.Наранбаатар, Г.Ганболд, Ж.Батжаргал, Н.Ганибал, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд ирэх жилийн төсөвт ойн хортон шавьжтай тэмцэхэд хэчнээн төгрөг төсөвлөснийг тодруулахын зэрэгцээ малчдад өгөх урамшууллуудыг хугацаа алдалгүй олгох боломжтой эсэх, малыг эрүүлжүүлэх, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын төсвийг нэмэгдүүлсэн эсэхийг илүүтэй лавлаж байв.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхөлөг хариултдаа, 2023 онд улаан буудайн урамшуулалд 15.9, сүүний урамшуулалд 5.9, арьс ширний урамшуулалд найм, ноосны урамшуулалд 9.3, хүнсний ногооны урамшуулалд 6.1 тэрбум төгрөг олгосныг тодотгоод 2024 оны төсөвт тодорхой хэмжээнд энэхүү урамшууллуудыг нэмэгдүүлэхээр тооцсон. Мөн шинэ хөдөө төслийн 2024 оны төсөвт арга хэмжээг нийтдээ 26 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр болсон гэж байлаа.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, “Өнгөрсөн жилийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх, хөнөөлт шавжид нэрвэгдсэн голомтлогдсон талбайн асуудлууд хөндөгдөж байсан. Байнгын хороо дэмжсэнээр энэ хүрээнд 8.3 орчим тэрбум төгрөгийг төсөвт нэмснээр энэ жил ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлууд сайн хийгдсэн” хэмээн хариултдаа онцлоод “2024 оны төсөвт нийтдээ ойжуулалтын хөтөлбөр дээр 47 тэрбум төгрөг тусгагдсан. Үүний 22 орчимхар тэрбум төгрөгийг ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд зарцуулна” гэв.


2024 онд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй холбогдолтой зардлыг 13.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тогтож, 2024 оны улсын төсөвт 69.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг 71.1 сая малдаа тооцохоор нэгж малд нь 982.4 төгрөг болж байгаа юм. Энэ жил 52.5 сая тун вакцин хийнэ. Түүнчлэн мал эрүүлжүүлэх асуудлын суурь болсон мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг 2024 оны төсөвт нэмэгдүүлж, 6.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Тухайлбал, малын тарилгын хөлсийг үхэрт 1000, бог малд 350 төгрөг болгож нэмэгдүүлэхээр тооцсон. Энэ хүрээнд малын вакцинжуулалт болон хувийн мал эмнэлгүүдийн үйл ажиллагаа сайжрах нөхцөл бүрдэнэ зэргээр Ажлын хэсгээс нэмэлт тайлбаруудыг өгсөн юм.

Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазараас гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураасан бөгөөд хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.


Дараа нь Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргаж, үг хэлэх гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page