top of page
  • Writer's pictureSogoo mn

Улсын эх дагина Цэндийн Дондогдулам

Монгол Улсын Эх, Эрдэнэ сэцэн, Шашиныг өрнүүлэгч, Чин сүсэгт, Тус ачлалт, Тунгалаг чандмань, Далай дайчин, Ялгуусан дагина, Эрх цагаан дара ноён, Улсын эх дагина Цэндийн Дондогдулам (1874-1923).


ТУС АЧЛАЛТ, ТУНГАЛАГ ЧАНДМАНЬ, ДАЛАЙ ДАЙЧИН, ЯЛГУУЛСАН ДАГИНАС, ЭРХ ЦАГААН ДАРА.

МОНГОЛ УЛСЫН ЭХ ДАГИНА

ДОНДОГДУЛАМ


1911 оны 12 сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын Хаан ширээнд залрахад Дондогдуламыг Улсын Эх Дагина хэмээн өргөмжилсөн байна.


Монголын түүхэнд алдар нэрээ мөнхөлж, ард түмний итгэл хүндлэлийг хүлээсэн Хатад олон бий. Тэдний нэгэн тод томруун дүр бол Улсын Эх Дагина Цагаан дара Ц.Дондогдулам юм.


/Монголын Богдын Музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Ишийн нийтлэлээс сонирхуулж байна..../

Цэндийн Дондогдулам (1874-1923) Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон бэйсийн хошуунд мэндэлсэн.

Жонон Бэйс Сангилагдоржийн хатны шадар албат, аягач явсан.

1896 онд VIII Богдыг Амарбаясгалант хийдэд заларч, Өндөр гэгээний тугдам шарилд мөргөл үйлдэхээр явахад нь анх учирсан хэмээдэг.

Энэ бүсгүй зургаан мэдэрхүй төгс, эрдэм чадал өндөр, ёслол журамтай хийгээд далдийн мэдэл гүнзгийн учир “увшинз” сахил хүртээж VIII Богд түүнийг өөрийн шадар болгожээ.

Ингэснээр сая Богдын ордон амьдрах эрхтэй болов.Тухайн үед Богд шашны тэргүүн тул тэд шууд олны өмнө илээр ханилж болохгүй байлаа. Иймээс Богд болоод Дондогдулам нар яг хэдийнээс ханилах болсон нь нилээд бүрхэг байдаг ба 1902 он хүртэл тэднийг яг ямар харьцаатай байсан тухай тэмдэглэгдэж үлдсэн тоймтой мэдээлэл байдаггүй.

1902 онд Дондогдуламд


“Тус ачлалт


Тунгалаг чандмана


Далай дайчин


Ялгуусан дагинас


Эрх цагаан дара”... хэмээх цолыг өргөв.


Тэрбээр насан багаас гэрийн сургуулиар жод лүйжингийн сургуульд сайтар суралцсан төдийгүй, Говийн догшин ноён хутагтын их, бага жүд, Хүүхэн хутагтын жүдийг уянгалаг сайхан хоолойгоор уншдаг байв. Энэ үед Сэцэн ханы нутаг болон Халх нийт даяар жодын ёс хүчтэй дэлгэрч, эмэгтэйчүүд бурхны ном сургууль идэвхитэй хийх болсон байна.


Улсын эх дагина Дондогдулам нь “Шашин төрийг хослон өрнүүлэгч улсын эх дагины тамга” гэсэн тамга барьж хэрэг шийтгэж байжээ. “Шашин төрийг хослон өрнүүлэгч улсын эх дагины” тамгыг Сэцэн хан аймгийн уран дархан Барайшир ван урласан гэдэг.

Эх дагинын тамга нь 11,3 х 11, 3 см харьцаатай, дөрвөн кг жинтэй мөнгөн тамга болно.


Тэр үед зарим хүмүүс үр хүүхдээ өсгөж тэжээж чадахгүй буюу элдэв бусад шалтгаанаар ялангуяа олон хүмүүс цуглардаг мөргөл, эргэлийн газар хүрд, чулуун бурхан дээр хүүхдээ тавьчихдаг явдал байсан юм.

Богд хааныд олон хүүхэд байсан, зарим мэдээллээр 200-300 хүүхэд ч байсан гэдэг. Хүүхэд үрчилж, тэжээж байсан энэ үйл явдал Дондогдулам хатны санаачилга болон дэмжлэгтэйгээр явагдсан гэдгийг үгүйсгэх аргагүй бөгөөд Эх дагиныг өргөмөл хүүхдүүд нь Алиа хэмээн нэрийддэг байжээ.

Эх дагины асарч байсан хүүхдүүдээс Ламьяа, Чин бишрэлт лам, Ялгуусан лам, Эрэнням, Мөрдорж зэрэг хүүхдийн нэр тодорхой, тэдний татуулсан гэрэл зургууд ч гадуур хувь хүмүүсийн цулуулга болоод тус музейд хадгалагдаж байна.


Бүгд ерөнхийлөн захирах сайд Т.Намнансүрэнгийн тушаалаар хотлыг баясгагч дагина Дондогдуламд 100 лан мөнгөний шагнал олгох болж Богдын ордны дэргэдэх Сангай аймаг гэж нэрлэгдддэг уран хатгамалчин, барималчин, дархан, гуталчин, зэрэг 120 гаруй урчуудын хэргийг эрхлэн ажиллуулах болов гэсэн мэдээ байдаг. Чингэснээр олон зуун жил шашны статустай явж ирсэн ордны урлагт “иргэний” чиг хандлага нэмэн оруулсан шинэчлэгч нэгэн юм. Эл ордны урлаачдын бүтээж туурвисан эд өлгө, шашин, урлагийн дурсгалаас одооч Богд хааны ордон музейд хадгалагдан үлдсэн нь олны нүдийг баясгасаар байна.

“Хатан эрдэнэ” болсон их хүмүүний зам мөр болоод үйл хэрэг нь арван зүгтээ дэлгэрч тухайн үеийн нийгмийн нэгэн томоохон төлөөлөл болж байлаа.


“Эзний нүүрээр ирж, эзэгтэйн нүүрээр буцдаг” гэгчээр Монголд ирсэн жуулчид ч энэ хүнийг ам булаалдан магтсан байдаг нь ийм учиртай.


Судлаач Г.Ням-Очир дүгнэхдээ Эх дагина “торгонд хөлбөрч, тосонд умбасан” хатан дээдсийн хуурмаг ямбанд автсан хүн биш байлаа [Г.Ням-Очир 2011] хэмээсэн нь туйлийн бодьтой дүгнэлт юм.

Моринд эрэмгий, мэргэн буудагч, оёдол үйлэнд уран, шашин номд ачлалтай жирийн монгол эмэгтэй хүн шиг, сайн эхнэр шиг амьдарч байлаа. Дондогдулам хатан 1902 онд ордонд ирсэн хэмээн үзвэл Богд хаантай хорин нэгэн жил ханилан суужээ. 1923 оны нэгдүгээр сарын 2-нд Дондогдуламын бие чилээрхэхэд оточ маарамба, лам цорж нар сайн бүхнийг хүртээж аврал гүрэм айлдсан боловч илаарь болгож чадсангүй. Мөн сарын 13-наас 14-ний тахиа цагт ертөнцөөс халин, ихээхэн уй гашуу, ёс төртэйгөөр шарилыг нь хайлуулж, одоогийн Улаанбаатар хотын хойно орших Шарга Морьтын амны хойд энгэрт оршуулжээ. Хатны шарилыг тээж хүргэсэн 9 шарга морийг тэнд нь сэтэрлэн тавьснаар тэр амыг Шарга морьт хэмээн нэрийдэх болсон ажгуу. Зөвлөлтийн Сибирьт суугаа Германы консулаас Гадаад явдлын яамандаа явуулсан бичигт: “ухаантай, арга зальтай энэ хатагтай ертөнцийн мөнх бусыг үзсэнээр Богдын ар талын нөлөө эрс багассан” хэмээн тэмдэглэжээ.


Доктор профессор С.Дулам бичихдээ Энэ бол Эх дагинын талаар ойрынхон төдийгүй холынхон зэгсэн эерэг сайн үнэлгээтэй байсныг илтгэж байна. [C.Дулам 2013]


Академич Ж.Болдбаатар “намар бугын амийг согоо нь авч явдаг” хэмээх ардын цэцэн үгнээс ч, монгол хатад төрийн жолооноос нь эс ч, цулбуураас нь барилцаж ирсэн түүхэн уламжлалтай гэсэн байна [Ж.Болдбаатар 2010]. Ийнхүү эх дагина таалал төгсснөөс төд удалгүй Богд хааны бие чилээрхэх болсон юм.


Дүгнэлт


1. Дондогдулам хатан бол боловсролтой ухаантай эмэгтэй байсны хувьд монгол эмэгтэй хүний нэгэн сайхан дүр төдийгүй Богд хааны туйлын шадар дотно, үнэнч зөвлөх, түшиг тулгуур нь болж байжээ.


2. Монгол хатдын эртнээс улбаатай өнчид, нялхсыг тэтгэн асрах буянт үйлсийг үргэлжүүлэн авч явснаараа Өэлүн эхтэй зүйрлэж болохуйц өр нинжин сэтгэлт эх хүн юм.


3. Эх дагина монголын шашны түүхэнд нэрээ дуурсгасан томоохон зүтгэлтэн болохоос гадна шашин болон нийгмийн хүрээнд эмэгтэй хүний байр суурийг дээшлүүлж, нэр хүндийг өсгөсөн гэж үзэж байна.


4. Тэрээр монголчуудын түүхийн нэгэн цаг үеийн хосгүй нандин урлаг, эд өлгийн соёлыг бий болох үндэс болж, тэрхүү өв нь өнөөдөр Богд хааны ордон музейгээр дамжин хойч үе, дотоод гадаадын олон мянган хүний мэдлэг оюунд ач тусаа өгсөөр байна.

/Ц.Гүнчин-Иш “Монголын сүүлчийн хатад” ЭШБХ 2013 /.



83 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page