top of page
  • Writer's pictureSogoo mn

ХБ нэг дор 269 тэрбум төгрөг Голомт банк руу олгож, 158 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээжээ


Хөгжлийн банкны сонсголоор ХААХҮ-ийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төслийн зээлийг хэлэлцэж байна.


Энэ үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Энэ хөтөлбөр нь эцсийн бизнес эрхлэгч нарт найман хувиар олгогдсон зээл. Тухайн үед бизнесийн энгийн зээл 18-19 хувийн хүүтэй байв. Хоёрдугаарт, энэхүү зээлийг арилжааны банкаар бус ХБ буюу Чингис бондоос гаргасан мөнгө. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан 17 төсөл хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн зээл олгосон.


Үүнээс одоо яригдаж байгаа ХААХҮ-ийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл нь бусдаасаа нэг ялгаатай. Өмнөх хөтөлбөрүүд дээр салбар яам нь шаардлага хангасан компаниудын жагсаалтыг бэлтгээд арилжааны банканд хүргүүлдэг. Арилжааны банк нь шалгаж үзээд ямар компанид хэдэн төгрөгийн зээл олгох боломжтойг нь тэмдэглээд Хөгжлийн банк руу илгээх ёстой. Хөгжлийн банк түүнд нь тохируулаад санхүүжилт олгодог схемтэй байсан.


Энэ хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банк нийт 269 тэрбум төгрөгийг нэг дор Голомт банк руу олгосон. Тухайн үед 2013 оны 8 дугаар сарын 15-нд буюу ам.долларын ханш 1,568.2 төгрөг байсан. Голомт банк 2017 оны 12 дугаар сарын 01-нд ам.долларын ханш 2,489.5 төгрөг байхад эргэн төлөлтөө хийсэн. Энэ хоорондох дөрвөн жилийн хугацаанд Хөгжлийн банк нийт 158 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн юм.


Мөн Голомт банк руу олгосон 5.5 хувийн хүүгийн зөрүүгээс Хөгжлийн банк энэ хугацаанд 822 тэрбум төгрөгийн ашиг олсон. Ингээд үзэхээр Хөгжлийн банк зөвхөн энэ хөтөлбөрийн хүрээнд 150 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн” гэв.

4 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page