top of page
  • Writer's pictureSogoo mn

Хиагт-Алтанбулагийн боомтын транзит тээврийг үргэлжлүүлэхэд уян хатан ажиллахыг онцлов




"Худалдаа, тээвэр" Орос-Монголын бизнес форум боллоо


МҮХАҮТ, Буриадын ХАҮТ-тай хамтран Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Орос-Монголын бизнесийн хамтын ажиллагааны форум"-ыг Улаан-Үд хотноо зохион байгууллаа.

Форумд Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Буриадын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Дэд Ерөнхийлөгч Валентина Намсраева, Буриадын Экспортын төвийн орлогч дарга Ю.С.Шалобало, Буриадын Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч И.Ю.Бурлак, орлогч дарга С.В.Ильина, Эрхүү муж, Буриад дахь Россельхознадзор (Холбооны мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын алба)-ын орлогч дарга С.В.Грохотове, Ази Номхон далайн банкны дэд ерөнхийлөгч Б.Б.Буянтуев нарын албаны хүмүүс оролцож, мэдээлэл солилцсон юм.

Хориг арга хэмжээний хүрээнд Буриадын экспортын боломж, гадаад эдийн засгийн үйл ажиллагааны практик, гадаад төлбөр тооцоо, гааль, мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын талаар холбогдох албаныхан тодорхой мэдээлэл өгөв.

Эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотойгоор тогтоосон дүрэм журмыг сайтар судалж, зохих журмын дагуу тээвэр хийхийг Буриадын гаалийн газраас мэдээлсэн бол МҮХАҮТ-аас Хиагт-Алтанбулагийн боомтоор манай улсын нийт импортын 40 орчим хувь нь орж ирдэг учраас санкцтай холбоотой мэдээллийн зөрүүг арилгах, транзит тээврийг хэвийн үргэлжлүүлэхэд уян хатан ажиллах нь энэ цаг үед маш чухал байгааг онцлон тэмдэглэсэн юм.




Буриадын ХАҮТ-аас Монголоос ОХУ-ын зах зээлд ноос, ноолуур, сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, үслэг эдлэл, лаазалсан хүнс зэрэг Монголд үйлдвэрлэсэн тохирлын үнэлгээтэй бүтээгдэхүүнийг нийлүүлж буй бизнес эрхлэгчдийг ОХУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахад хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.

Бурятмяспром ХК, Вегос М худалдааны групп, Бечехан ХХК, SMIT худалдааны групп, Амта кондитерийн үйлдвэрээс Монголын бизнес эрхлэгчдэд гадаад худалдаа, хамтын ажиллагааны боломжоо танилцуулж, туршлагаасаа хуваалцав.

Форумд Монголын талаас 20 гаруй, ОХУ-ын талаас худалдаа, тээвэр, логистик, барилгын 25 гаруй бизнес эрхлэгч оролцож, форумын төгсгөлд B2B уулзалт хийлээ.

Эх сурвалж:МҮХАҮТ

58 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page