top of page
  • Writer's pictureSogoo mn

Хүннүгийн ХАШ

Эрхэм анд, номын садан Д.Эрдэнэбаатар багшийн Хүннүгийн булшнаас олж илрүүлсэн энэхүү хаш чулуун сийлбэр эд өлгийн зүйлд тайлбар хийнэ гэж бодсоор яваад нэлээд уджээ. Үүнийг хятадаар "Би" (Пи) гэх ба анх Жоу улсын үеийн оршуулгаас олдсон байна. Тэгэхээр Жоугийн соёл гэж үздэг ба Жоу улс нь одоогоос 2.5-4 мянган жилийн тэртээ умарт Хятадын газар нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн соёлын нөлөө бүхий төр улс болно. Хятадын өнөөгийн хил хязгаарын хүрээнд эрт цагт оршиж байсан улс болохоос яг хятадын өвөг дээдэс мөн байсан гэж хэлэхэд нэн эргэлзээтэй. Хаш чулуун "Би" нь тэнгэрийн хаалганы бэлэгдэл болдог. Голд буй нүх нь тэнгэрийн хаалга, түүнийг хүрээлэн буй жигд сийлсэн жижиг товгорууд нь од эрхэс болох ба энэ бүгд нийлээд сансар огторгуйн бэлэгдэл болно. Талийгаачийн махан бодийн сүнсийг тэнгэрт энэ хаалгаар гаргахын тулд уг бэлэгдлийг хаш чулуугаар сийлж, талийгаачийг оршуулахдаа ар нуруунд нь бэхэлждэг уламжлалтай байжээ. Талийгаачийн амин сүнс амьсгал хураасны дараа тэнгэрт халин одоод дахин төрлийг авах хүртлээ махан бодийн сүнсээ тэнгэрт хүлээдэг гэж тухайн үеийн хүмүүс итгэдэг байжээ. Талийгаачийн бие ялзарч хатаад алга болоход махан бодийн сүнс нь энэхүү тэнгэрийн хаалгаар тэнгэрт гарна гэсэн итгэл бишрэл агуулсан зан үйл тэр цагт байжээ. Тэгэхээр энэхүү хаш чулуун сийлбэр дугуй бол тэнгэрийн хүү тэнгэртээ буцахад туслах нэгэн төрлийн зан үйлийн төхрөөмж болно. Уг хашийн зарим тал нь хүрэнтэж борлосны учир нь хаш чулуу төмөрлөг агуулсан болоод өнгө нь он цагийн уртад исэлдэж хувирсныг гэрчилнэ. Төмөрлөг ихтэй бор халтар хаш Монголын өндөрлөгт элбэг байдат тул уг хаш дугуйг Монгол нутагт сийлсэн байх магадлал нэн өндөр байна. Энэ бүгдээс үүдээд хэлэхэд уг эд өлгийн зүйл дан ганц хятадын соёл иргэншилд хамаатай эд биш юм. Дээр дурдсан хэдэн сэжүүрээр уг эд өлгийн зүйл бол нүүдэлчдийн соёлтой холбоотой болох нь тодорхой.

Ширчингийн Баатар



Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Улаанбаатарын Их сургуулийн багш, археологич Диймаажавын Эрдэнэбаатар




116 views0 comments

Related Posts

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page