top of page
  • Writer's pictureSogoo mn

Хүчингийн хэрэг хийсэн эрчүүдийг ил зарладаг болъё


Хүүхэд тэвэрч яваа арван хэдтэй, амьдрал үзээгүй жаахан охидыг аальгүйтэж яваад хүүхэд төрүүлээ биз хэмээн харааж зүхнэ. Эсвэл биеэ үнэлж байгаад жирэмсэн болсон гэж хардана. Зөвхөн охидыг л үзэн ядна. Угтаа тэр охид ийм зүйл хүсээгүй. Бидний амьдарч буй нийгэм гэмт хэрэгтнийг биш хохирогчдыг хамгийн түрүүнд буруутгаж, доромжилдог. Энэ бол гашуун үнэн. Гэнэн цайлган охид хажууд нь араатан байхыг анзааралгүй хичээл номоо хийгээд, сэргэлэн дэврүүн зангаараа дэгж дэрвэж явдаг. Тэд таны үр хүүхдээс ялгаагүй. Гэтэл ахынх нь, аавынх нь найзууд гэх мэт ойр тойрны танил хүмүүс болон ураг төрлийн хамаатнууд нь хүүхдийн гэнэн цайлган занг ашиглаж, хуурч, мэхэлж эсвэл хүч хэрэглэсэн тохиолдол энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлж байгаа нь сэтгэл түгшээж байна. Тиймээс бид холоос бус ойр байгаа араатнуудаас охидоо хамгаалах цаг болж. Мөн бусад орон шиг, тухайлбал Өмнөд Солонгост охид эмэгтэйчүүдэд гар хүрэх, удаан ширтэхийг ч хориглосонтой адил хуулийн зохицуулалт яаралтай хийх хэрэгтэйг цаг үе сануулсаар байна. Эмэгтэй хүнд аюулгүй улс оронд бид тайван амьдармаар байна. Зөвшөөрөлгүй хэн нэгэн хүний биед хүрэхийг эсэргүүцэж, шаардлага тавьж сурцгаая. Ер нь тоглоом шоглоом мэтээр ойлгодог, жижиг зүйл мэт боддог бүдүүлэг энэ үйлдлийг битгий өөгшүүлж, хөөрөгдөж бай. Бид нийгмээ шүүмжилж энэ жишиг рүү очих ёстой болохоос хүчирхийллийн хэргийн хохирогчдийг ялгаварлан гадуурхаж, цоллож, доромжлох ёсгүй.

Өчигдөр 14 настай, 8-р ангийн сурагч охиныг нагац ахынх нь найз хүчиндсэн гэх мэдээлэл гарсан. Охин жирэмсэлж, түүнийгээ нууж явсаар хүүхдийг нь төрүүлж. Гэмт хэрэгтэн хэргээ хүлээх нь бүү хэл эхнэр, хоёр охинтойгоо юу ч болоогүй юм шиг амьдарч яваа аж.

Хохирогч охинд гэмт хэрэгтэн"Хүнд хэлбэл ээж чинь насанд хүрээгүй охиноо асран хамгаалаагүй учраас шоронд орно. Би Босоо хөх монголынх учраас ямар ч хариуцлага хүлээхгүй" гэж айлгаж, дарамталсан учраас охин бүхнийг тас нуусаар хүүхдээ төрүүлжээ. Энэ мэдээллийг охид, эмэгтэйчүүддээ сэрэмжлүүлж ил гаргасан охины зоригийг хүндэтгэх хэрэгтэй.

Хохирогчийг буруутгахаас өмнө гэмт хэрэгтнийг буруутгая. Хохирогч нь уйлж байхад, гэмт хэрэгтэн цаана нь нуугдаж, бүхнийг ажиглаад чимээгүй яваад байж болохгүй. Хүчирхийллийн гэмт хэргийн хуулийг чангатгах асуудал яригдсаар ирсэн ч дорвитой шийдэл өнөөг хүртэл алга. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэх мэтээр хүчиндэгч эрчүүдийг өмөөрөх хандлага байсаар байна. Хохирогчийг биш үйлдэгч эрчүүдийг яагаад буруутгадаггүй юм бэ. Охид уйлж, тэд эрх чөлөөтэй явсаар байх уу.


430 views0 comments

Comentários


Сүүлд нэмэгдсэн

bottom of page