Х.Баттулга Путинчүүдээ манай намд их хэмжээгээр шургуулжээ

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, Монголын Ардчилсан нам бол улс орноо зөвлөлтийн колоничлолоос чөлөөлөн түүхэн дуудлагаар бий болсон нам. Иймээс үндэсний эх оронч үзэл манай намын тулгуур үзэл байсаар ирсэн. Бидний үзэл санаа дахин түүхэн сорилттой тулгарлаа.
“Монголын Ардчилсан намын эрхэм үнэт зүйлийн суурь нь үндэсний эх оронч үзэл юм гэдгийг сануулах түүхэн эгзэгтэй цаг үе ирснийг ард түмэндээ хандан Нийслэлийн Ардчилсан нам сонордуулж байна. Монгол биологийн зэвсэг үйлдвэрлэж буй мэтээр гүжирдсэн цуурхал тарааж, боломж гарвал биологийн зэвсгийг устгах нэрийдлээр цэргийн ажиллагаа гэгчээр манайд халдах гэсэн алсын санаа агуулж байгаа юм биш биз хэмээн хардахаар болж байна. В.Путиний санаархлыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа ОХУ-ын Элчин сайд ганцаараа биш. Түүнийг дэмжиж байгаа монгол хүн цөөнгүй байна. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунаас эхлээд Ардчилсан намын нэрийг барин улс төрийн үйл ажиллагаа явуулж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нөлөө бүхий хүмүүс уг тавдугаар цувааны манлайд зогсож байна. Дэлхийн Ардчилсан үзэлтэй хүн бүхэн В.Путины түрэмгийллийг эсэргүүцэж байхад Х.Баттулга, Л.Эрдэнэчулуун нар дэмжиж байна. Х.Баттулга В.Путиний тавдугаар цувааг манлайлаад зогсохгүй, Путинчүүдээ манай намд их хэмжээгээр шургуулжээ. АН-ын олон гишүүдийг төөрөлдүүлж байна. Намын үйл ажиллагааг гажуудуулж байна. Тэр АН-ыг бүхэлд нь В.Путиний тавдугаар цуваа болгон ашиглах замаар Монголын Беларусь болгох даалгаврыг эздээсээ авсан бололтой. Эрх чөлөөгөө хамгаалан тавдугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайд цуглацгаая. Цаг алдалгүй тэмцье. Монголоо Беларусь болгохыг эсэргүүцэн тэмцэцгээе." гэв.
Comments