top of page
  • Writer's pictureSogoo mn

Ч.Хүрэлбаатар та Улаанбаатарын иргэдийн эрх ашгийг битгий хохироо


Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Уг хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэхдээ "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх LRT буюу хөнгөн галт тэрэгний төсөлд Засгийн газраас баталгаа гаргах асуудлыг Төсвийн байнгын хорооноос хэлэлцэх боломжгүй гэж үзжээ. Улаанбаатарт LRT буюу хөнгөн галт тэрэгтэй болох төслийн санхүүжилтийн 50 хувь буюу 510 саяд Засгийн газрын баталгаа гаргах тухай тогтоолыг төсвийн тодотголын дагалдах хуульд оруулсан байжээ.

Уг асуудлаар гишүүд болон Төсвийн байнгын хорооны дарга нар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Улаанбаатар хотын нийт иргэдэд хамаатай хөнгөн галт тэрэгтэй холбоотой асуудлыг хассан учир эдгээр хуулийн төслүүдийг дэмжих аргагүй байна.

Ч.Хүрэлбаатар гишүүн та ТЭЗҮ-ийг нь унш. Битгий ингэж УИХ-ын индэр ашиглаж иргэдийн толгой угаа. 2.8 тэрбум ам.доллароор Засгийн газар бонд гаргах гэж байгаа юм шиг зүйл яриад байна. Энэ төслийн ТЭЗҮ нь 926 сая ам.доллароор хийгдсэн, 510 сая ам.доллар буюу 50 хувьд нь Засгийн газар баталгаа гаргах л асуудал.

Өрийн босго давлаа, дампуурлаа гэж та иргэдийг айлгаж байна. Болохгүй гээд байх юм. Та болгодог шүү дээ. Та Сангийн сайд байхдаа Увсад маш олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж л байсан. Та явцуу эрх ашгийн үүднээс битгий ингэж ханд. Улаанбаатарын иргэд хүн биш, Увсын иргэд л хүн юм уу. Увсын хэдхэн нөхдийн хүрээнд Улаанбаатарын иргэдийн эрх ашгийг битгий хохироо.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: LRT төсөлтэй холбоотой асуудлыг оруулж ирэхгүй бол энэ төсвийн тодотголыг дэмжихгүй. 5, 10 албан тушаалтын цомхотгоод байх ажил хийсэн нэр зүүж болохгүй. Түгжрэлийн улмаас алдагдаж байгаа боломжийг товч дурдъя.

Улаанбаатарын түгжрэлд жилд 100 сая ам.долларын шатахуун зарцуулж байна. Цаг хугацаа, боловсрол алдаж байна гэдэг утгаар нь тооцвол нэг жилд 2.7 тэрбум ам.доллар алдаж байна. Ирэх таван жилийн хугацаанд 8.5 тэрбум ам.долларын алдагдал үүснэ, 2024 онд Улаанбаатар тэг зогсолттой болно.


УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Нийслэлийн түгжрэл улсын асуудал болсон. Тулгуурт гүүрэн байгууламж буюу хөнгөн галт тэрэгний шийдлийг Ерөнхий сайд дэмжиж, Сангийн яам тооцоогоо хийсэн. Гэтэл Төсвийн байнгын хороон дээр хэдхэн дарга ярилцаж байгаад аваад үлдчихсэн. Үүнийгээ гурван тэрбум төгрөгийн асуудал хэмнэх гэж ядаж байхад гурван их наядын асуудал оруулж ирлээ гэж байгаа юм.

Бидний зовлон түгжрэл мөн үү, биш үү. Тэр түгжрэлийг үнэгүйгээр эсвэл бага мөнгөөр шийдэж болох уу. Болохгүй шүү дээ. Том асуудлыг том мөнгөөр л шийднэ.

Бид энд хувийн асуудлаа оруулж ирээгүй. Яагаад ингэж Монголыг хорлодог юм. Улаанбаатараас хол тойргоос дахин дахин сонгогддог болохоор ингэж байгаа юм уу.

Улаанбаатарын хөгжлийг гацаагч хүчин зүйл нь Монголын төрд байгаа тодорхой албан тушаалтнууд.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын баталгаа гэдэг зээлтэй адил процедураар явдаг. Зээл, баталгаа хоёр яг адилхан. Тэр тусмаа Засгийн газар баталгаа гаргаж байгаа нь хэрэв төлөгдөхгүй бол тэр хэмжээгээрээ өр болж бичигдэнэ. Засгийн газраас оруулж ирсэн тогтоол хоёр хуультай зөрчилдөж байгаа.

Эхнийх нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Үүгээр өрийн хязгааруудыг хангаж байх ёстой.

Нийт 2.8 тэрбум ам.доллароор хэрэгжих ёстой энэ төсөл. ТЭЗҮ хийгдсэн тооцоогоо баталгаа болж бичигдэнэ. Тэгэхээр 2.8 тэрбум ам.доллароор Засгийн газрын баталгаа болж бичигдэнэ.

2022 онд өрийн босго ДБН-ий 70 хувь байгаа. Энэ нь 1.6 тэрбум ам.доллар гэсэн үг. Ирэх жил өрийн босго 64 хувьтай байна. Энэ Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай зөрчилдөөд байгаа юм.

Хоёрдугаарт, Өрийн удирдлагын тухай хууль. Энэ хуулийн хэд хэдэн заалттай уг асуудал зөрчилдөж байгаа. Тиймээс Засгийн газрын баталгаа гаргах асуудлыг хэлэлцэх боломжгүй.

Би Монгол Улсын хуулийг хүндэтгэн ажиллаж, үүнийг сахиулах ёстой. Цаана нь 1,000 хүний эрх ашиг байна уу, нэг хүний эрх ашиг байна уу. Үүний дээр хууль л байх ёстой. Нэг хүн чичирч дайрлаа гээд үүнийг хэлэлцэх албагүй.

Энэ тогтоолоор Монгол Улсын өрийг 3.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ. Тиймээс энэ асуудлыг 76 гишүүнээр байтугай Монгол Улсаараа хэлэлцсэн ч яах вэ. Тэгж байж шийдвэр гарах учиртай. Монгол Улсын өр хэтрээд явбал дампуурах эрсдэлтэй. Тиймээс холбогдох хүмүүстэй зөвлөлдөж байж энэ шийдвэрийг гаргасан.


201 views0 comments

コメント


Сүүлд нэмэгдсэн

bottom of page