top of page
  • Writer's pictureSogoo mn

Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд хааны тамга



Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд хааны тамга


Богд хаант төрийн тамгыг 1911 оноос тогтсон Монгол улсын Засгийн газраас боловсруулан гаргасан "Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль" - иар батлан тогтоосон юм. Уг тамгыг "Хар гарт" Гомбо гэж хүн хаш чулуугаар сийлсэн юм. Харин Эх Дагинын тамгыг Сэцэн хан аймгийн дархан Барайшир ван урлажээ.

Төрийн тамганаа Монголын эртний төрийн бэлгэдлийг сэргээж хэрэглэж, үсгийг нь Соёмбо дөрвөлжин хоёр үсгээр бичсэн байна. Дөрвөлжин үсгээр бичсэн хоёр мөр нь Жавзандамба хутагт болбоос эртний Юань улсын Хубилай сэцэн хааны адилаар төр, шашины хэргийг хослон барьж лам харын засгийг нэгтгэн явуулж буйг билэгдсэн утгатай, харин Соёмбо үсгээр бичсэн найман мөр нь Монголын анхдугаар Богд Өндөр гэгээнээс хойш наймдах Богдын үед Монгол улс тусгаар болсоныг билэгдсэн агуулгатай ажээ. Тамганы төв дунд уйгуржан монгол бичгээр эзэн хааны алдарыг "Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд хааны тамга" гэжээ. Ийнхүү хаш эрдэнийн тамгыг олонд тархаах аливаа зарлиг, хэлтрүүлэх зарлиг, ухуулах, сургах, лүндэн, жуух шар торгон бичгэн дээр дардаг байлаа. Түүнээс гадна Монголын шашины тэргүүний хжвьд Богд гэгээнд тусгай тамга хэрэглүүлжээ. "Тамганы үгс нь шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч, аврал итгэл хамгийг айлдагч, оройн чандмань Очирдарь Жавзандамба ламын алтан тамга" бичигтэй байсан ажгуу.

Бусад олон яам аймаг хошуудын гуулин тамганд дан Монгол үсэг хэрэглэж уг газрын нэрийг бичихийн дээр яг голд нь соёмбо сүлд урлаж, бариулыг нь хүслийг хангагч чандмань эрдэнийн дүрстэй үйлдэн уул яам газар ноёдын эрх ямбанд тохируулан элдэв хэмжээ ба жинтэй цутгадаг байжээ. Богд хаант Монгол улсын үеийн тамга нь дөрвөлжин нүүртэй байсан бөгөөд энэ нь 1930-аад онд дугуй тамга гарах хүртэл хэрэглэгдэж байв.

Монголчууд тамгыг төрийн билгэдэл хэмээн машид хүндэтгэж, улаан халзтай тусгай өргөө бариулан хойморьт нь тусгай хайрцаганд хадгалдаг байв. Төрийн бүх зэргийн тамгыг эзгүй орхих буюу эгэл айлд эс байлган эгэл хүнд эс бариулдаг байлаа.

Шинээр хаа нэгтээ тамгын газар үүсгэн байгуулагдахад цагаан эсгий дэвсэн тамгыг залах бөгөөд тамга баригч нь заавал адис аваад ёс журмынх нь дагуу байрлуулдаг байв.



213 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page