top of page
  • Writer's pictureSogoo mn

Эрдэнэбатхаан

Эрдэнэбатхаан (ᠪᠠᠲᠤᠬᠠᠭᠠᠨ ᠣᠨ ᠡᠷᠳᠡᠨᠢ)(1888-1942 оны 1-р сарын 5) буюу Никита Фёдорович Батуханов, Батын Эрдэнэ нь Монголын эрдэмтэн, төрийн зүтгэлтэн хүн байв.


1888 онд Хаант Орос Улсын Эрхүү губерний Балаган дүүрэг, Тарас-Бахан хошуу, Доод улст төрж өссөн, Усть-Ордын буриад тэрбээр 1908 онд Эрхүүгийн гимнази төгсөөд тэндээ хэдэн жил багшилсан боловч найдваргүй этгээд гэгдэн Галуут нуурт цөлөгдөв. Тэнд байхдаа Жамсрангийн Цэвээнтэй танилцаж, түүний ятгалгаар 1914 онд Нийслэл хүрээнд нүүн ирээд багшилж байгаад Ардын хувьсгал ялсны дараа 1921 оны 3 сарын 24-нд Монгол Улсын Засгийн газрын анхны нарийн бичгийн даргаар томилогджээ. Тэр үедээ 1921 оны 11 сард Монгол-Зөвлөлтийн найрамдлын гэрээ байгуулах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан, орчуулагчаар ажилласан. Улмаар 1924 оны 12 сард Улсын Бага Хурлын гишүүн, Ардыг Гэгээрүүлэх Яамны сайд болж, 1928 оны 11 сарын 16-ныг хүртэл ажиллаж байв. Тэр үедээ 1926 онд Д. Нацагдорж тэргүүтэй 35 залуучуудыг Европт (герман, францад) сургахаар хүргэж өгч байсан. Тус хүүхдүүд хожимоо Монгол улсыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг.


1929 онд Баруунтан гэгдэн хилс хэрэгт холбогдсоныхоо дараа 1930 онд Ленинград хотноо Дорно Дахины дээд сургуульд монгол хэл соёл заахын хажуугаар философийн ухааны докторын зэрэг горилж суралцаж байв. Харамсалтай нь 1937 оны 9 сарын 22-нд Японы тагнуул, Нармай Монгол үзэлтэн хэмээн баригдаж, эрүү шүүлтэд орсны эцэст 1940 оны 2-р сард 8 жилийн ял шийтгүүлжээ. Эрдэнэбатхаан 1942 оны 1-р сард ЗСБНХОУ-ын Киров мужийн Дээд Камын Вят дахь хөдөлмөр засан хүмүүжүүлэх лагерьт нас барсан. Түүнийг 1956 онд цагаатгасан юм.

Гэр бүл: Эрдэнэбатхааны гэргий, Цэцэг Тугут Трубачеева мөн өндөр боловсрол эзэмшсэн байсан бөгөөд нөхрийнхээ мэдлэг, боловсрол руу чиглэсэн чин хүсэл тэмүүллийг таван хүүхдэдээ залгамж болгон өвлүүлсэн юм. Эрдэнэбатхааны гэр бүлийн Герман оронтой холбогдсон түүхийг түүний ач охин, доктор Агваандоржийн Саруул үргэлжлүүлж байна. Агваандоржийн Саруул Герман Улсад улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд улс орноо хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хүчин зүтгэж буй нэр хүндтэй олны танил юм.


Эрдэнэбатхаан 5 хүүхэдтэй. Том охин Ардын жүжигчин Э. Оюун, мөн Карма, Зандармаа, Раднаа, Агваандорж гуай нар бүгд л салбар салбартаа тэргүүлж явсан. Түүнийг "баруунтан" хэмээн буруутгагдан хавчигдаж явсан ч эxнэр Цэцэг нь хөөцөлдөж байж хүүхдүүдээ сургууль соёлоор явуулсны ач тус юм. Э.Агваандорж гуай ч ялгаагүй. Тэднийх одоогийн Гадаад хэргийн яамны ард байсан бөгөөд Б. Элдэв-Очир, Д. Догсом, Д. Лосол гуайнхтай айл байж хүүхдүүдтэй нь цуг тоглож өсчээ. Бага xүү Э.Агваандорж гуай Орост цахилгааны инженер мэргэжлээр сурч ирээд тухай үеийн Гэрлийн хороонд ажилд орж насаараа энэ салбарт ажилласан. III цахилгаан станцын даргаар олон жил ажилласан буурлын зээ охин нь нэрт загвар өмсөгч С.Төгс юм.


Зураг: Эрдэнэбатхаан.



215 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page