top of page
  • Writer's pictureSogoo mn

"Үндэсний бичиг үсгийн баяр-2022" эрдэмтэдтэй хийх уулзалтаар үргэлжилж байна



Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслол өчигдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн гадна талбайд болсон билээ. Нээлтийн ёслолд Соёлын дэд сайд М.Батбаяр, Хэлний бодлогын үндэсний зөвлөл дарга С.Дулам, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Б.Түвшинтөгс, МУБИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Д.Соронзон болон эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн монгол хэл, бичгийн багш нар, мэргэжлийн ангийн оюутнууд, олон нийтийн төлөөлөл оролцлоо. Үндэсний бичиг үсгийн баярыг нээж, Соёлын дэд сайд М.Батбаяр, Хэлний бодлогын үндэсний зөвлөл дарга С.Дулам, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нар үг хэлэв. Жил бүрийн Үндэсний бичиг үсгийн баяраар Монгол Улсын Үндэсний номын сангаас олгодог “Ном цом” шагналыг өнөө жил Дархан-Уул аймгийн Нийтийн номын санд хүртээлээ. “Ном цом” шагналыг хүртсэн Дархан-Уул аймгийн Нийтийн номын сангийн хамт олны зүгээс өөрсдийн гараар оёж, зүү ороож урласан номын баринтгийн дээжийг Монгол Улсын Үндэсний номын санд гардуулан өгсөн юм. Монгол Улсын Засгийн газрын шагнал “Үндэсний бичиг үсгийг дэлгэрүүлэгч шагналаар Гандантэгчэнлин хийдийн Дашчойлин дацангийн гэвш лам Мижиддоржийн Сумъяабазар, Данзанцэрэнгийн Батболд, Монгол Улсын Үндэсний номын сангийн Сан хөмрөгч Баттогтохын Отгонтуяа, сэргээн засварлагч Үнэнбатын Доржоо нарыг шагнасныг Соёлын дэд сайд М.Батбаяр гардуулан өглөө. Ёслолын үеэр мөн Монгол Улсын Соёлын яамнаас эрхлэн хэвлүүлсэн “Монгол бичгийн унших бичиг” 5 боть номын нээлтийг хийж, хүрэлцэн ирсэн байгууллагуудын төлөөлөлд хүлээлгэн өгсөн бол Монгол Улсын Их Сургуулиас 20 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит улсын уралдааны төрөл тус бүрийн тэргүүн байрын шагналыг тус сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс гардуулсан юм.


Харин өнөөдөр "ЭРДЭМТЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ" болж байна


Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сангаас “Монголчуудын эртний бичгийн сурвалж судалгаа” сэдвээр эрдэмтэдтэй хийх уулзалтыг зохион байгуулж байна.

Уулзалтад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, орчуулагч, судлаач Г.Аким "Хадны гурван бэхэн бичээсийн тухай", Олон Улсын Улаанбаатарын Их сургуулийн "Чингис хаан судлалын хүрээлэн"-ийн захирал, доктор (Sc.D), профессор Б.Сумъяабаатар "Монгол бичгийн дэлхийд хосгүй хоёр дурсгал", тус хүрээлэнгийн судлаач, багш П.Батчулуун "Чингис хааны зарлигт “Хөх бичиг”-ийн тухай нэгэн баримт" сэдвээр илтгэл тавьж, эрдэмтэн судлаач, уншигчидтай нээлттэй яриа өрнүүлэх юм.


10 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page