top of page
  • Writer's pictureSogoo mn

АНАНДЫН АМАР


Суут Эзэн Чингисийн Алтан ургийн Агданбуу тайжийн голомт залгасан ганц хүү. Гонгор нэртэй байгаад 1910-аад оны сүүлчээр өвдөж, лам багш нь Амар хэмээн нэрийг нь сольсон. Эцэг Агданбуу тайжийн сахилын нэр Ананд тул Анандын Амар гэдэг.


Анандын (Агданбуу) Амар нь 1886 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу Одоогийн Булган аймгийн Бугат сумын нутаг “Майлын ам” гэдэг газар мэндэлжээ. Амарыг 12 нас хүрэхэд эцэг нь өөрийн хошууны тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд оруулжээ. Хичээл оролдлого сайтай Амар төдөлгүй монгол бичиг сайн сурсан төдийгүй, манж, төвд хэл бичиг ч сураад тэр үеийн хошуу тамганд , эх зохиогч түшмэлээр ажиллаж байсан гэдэг . Өөрийн хошуу ноён, Үндэсний эрх чөлөөний удирдагч М.Ханддоржийн хамтаар тулгар төрдөө хүчээ өгөх болж Богдын хүрээнд 1913оноос ирж Богд Хаант Монгол улсын Гадаад явдлын яам, аймгийн чуулганд бичээч, түшмэл, дэс түшмэлээр ажиллаж байгаад 1917-1918 онд Монгол улсын хойд хил хязгаарыг харгалзан хамгаалсан 50 цэргийг захиран суужээ. 1919 онд Хятадын харгис цэрэг Монголд цөмрөн орж Монголын автономит төрийг устгахад Амар нутагтаа одож, хоёр жил орчим хугацаанд мал ажил эрхлэн байв.

Судлаачдын тогтоосноор Сүхбаатар 1921 оны хавар хилийн чанадад байхдаа Амар болон бусад дэвшилт үзэлтэй хүмүүст нэг бус удаа элч зарж, ажил хэрэг зөвлөж байв. Монгол оронд Ардын хувьсгал ялсны дараа тэрээр нийслэл хүрээнд ирж 1921 оны намар Ардын Засгийн газрын туслах түшмэлийн албанд томилогдон шинэ Монгол улсад хүчин зүтгэж эхэлжээ.

Удалгүй Гадаад явдлын яамны эрхэлсэн түшмэлээр дэвшиж, улмаар мөн сайдаар тохоогдон ажиллаж байгаад 1924-1925 онд Аж ахуйн яамны сайд, 1926-1927 онд Дотоод яамны сайд, Эдийн засгийн тэргүүлэгчээр ажилласан байна. 1928 оны эхээр хуралдсан Улсын бага хурлаас А.Амарыг Монгол улсын Ерөнхий сайдаар томилсон байна 1930 он хүртэл ажиллаж байгаад, 1930-1932- онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга, 1936-1939 онд хоёронтоо Монгол Ард Улсын Засгийн газрын Ерөнхий Сайдаар тус тус ажилласан.

1939 оны 3-р сард бүх албан тушаалаас нь халж дайчлан баривчилж ЗХУ-ын хүргүүлж, 1941 оны 7-р сарын 11ний өдөр цаазаар авах ялын тогтоол гаргасан байна.

Амар сайд хорвоод тавин тав насалж, харь газрын тарчлаант шоронд тамлагдан зовоод Монгол Ардын хувьсгалын 20 жилийн ойн баяраар буюу монгол наадмын өдөр 7-р сарын10 нд ЗСБНХАУ-ын шүүхээр давж заалдах эрхгүй цаазын ял оноосон байдаг. Энэ өдрийг оросууд зориуд сонгож бага улсын эрх мэдэлтэнгүүдэд сануулга болгож бахархлын баяр наадмаар нь улсын тэргүүнд нь цаазын ял өгч байсан санагддаг.

Нэмж хэлэхэд Ерөнхий сайд П.Гэндэнг ч ингэж БНМАУ-ын тунхагласан 11-р сарын 26 нд цаазласан байдаг билээ.

А.Амар сайдын Оросуудад таалагдаагүй хэрэг бол 1936 оноос эхтэй. МАХН-ын 1936 оны II бүгд хурлаар хөндөгдсөн асуудлын дагуу "Лхүмбийн хэрэг"-т холбогдон ял эдэлж байсан хэсэг хүмүүсийг ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан сулласны улмаас Ерөнхий сайд А.Амар, Х.Чойбалсан нарын хооронд зарчмын шинжтэй маргаан үүсч эсэргүү нарыг дур мэдэн суллалаа гэсэн яриа гаргажээ.

1936 оны наймдугаар сарын нэгэнд болсон Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал дээр Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав, Х. Чойбалсан нар Амарыг хурцаар шүүмжилж хэрэгтнүүдийн НТХ-ны тогтоолгүй сулласан хэмээж А.Амар, Улсын бага хурлын дарга Д.Догсом нарыг буруушаан тогтоол гаргасан байдаг..

Х.Чойбалсан 1936 онд К.Ворошиловт захидал бичихдээ "Нөхөр А.Амар бол дотоод бодлого дээр түүний бие одоо урьдаасаа нэлээд дээрдсэн хэдий боловч бас л явцуу үндсээ бодсон хүн бөгөөд дан ганц Монголын төлөөнөө үнэхээр санаа сэтгэлээ зовоож байдаг боловч түүний бие дээр нэгэн зүйлийн үл зохилдох явдал байна хэмээн хувьд санагдана. Түүний хэлэх нь, Монгол хэзээнээс эхлэн тарган махаа идэж, айраг тарагаа ууж, айл саахалтаа хэсч, найрлаж наргиж болсоор ирсэн тул одоо ч болов мөн хэвээр, хойшид ч болов нэгэн адил сууваас барах бөгөөд бурхандаа мөргөж, ламаа тахиж шүтсээр ирсэн нь мөн тэр хэвээр явбал гүйцэх нь тэр болой гэж боддог хүн . Иймд түүний энэ бодсон санаснаар удаан байх аваас манай улсын давшиж хөгжихөд ихээхэн саад тотгортой болох хэмээх байтугай, манай ажил хэрэгт ийм бодол нь ямар ч тус нэмэр болохгүй болов уу хэмээн би санана”...гэж матаас илтгэл бичиж байсан баримт бий ажээ.


1939 оны гуравдугаар сарын долоонд болсон МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар "Амарын нам бус явдлын тухай" Лувсаншаравын илтгэлийг хэлэлцэж түүнийг ангийн дайсны ашиг тусыг өмгөөлөн хамгаалагч, Японы тагнуул төлөөлөгчөөс дор этгээд гэж тодорхойлсон байна.

Уг хурал дээр А.Амар “Надад ийм аюултай мөндөр ирж ийм хүнд байдалтай болохийг мэдсэн. Нөхдүүд намайг хаяж таягдах болжээ. Гомдох газаргүй. Хоёрт, нөхдөөс эсэргүү нартай холбоотой гэж үздэг юм уу, намайг хардах аваас би хэрхэвч хүлээхгүй. Миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож, тусгаар эрхтэй улс байгаасай хэмээн итгэдэг амуй. Би улс орондоо хайртай, би өөрөө үүнийг үзүүлсэн. Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна” гэж хэлжээ.

Эл хурлаар Амарыг Намын Төв Хорооны тэргүүлэгч ба намын гишүүнээс хөөж, Улсын Бага Хурлын гишүүн, Засгийн газрын Ерөнхий сайдын албан тушаалаас зайлуулах шийдвэр гаргасан байна.

Мөн энэ хурлаар Х.Чойбалсан Ерөнхий сайд болжээ.

Ингээд А.Амарыг шууд баривчилжээ. Ерөнхий сайд А.Амарын асуудлыг Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхэд хурлын танхимын арын хөшигний цаана ЗХУ-аас Монголд суугаа Элчин Иванов, Дотоод явдлын яамны зөвлөх Скоков, Х.Чойбалсангийн зөвлөх Мальков,

17 дугаар армийн тагнуулын газрын дарга Панин нар нуугдан сууж хэн юу ярьсныг нь Н.Лхамсүрэнгээр орчуулуулан сонсож, бас олигтой нарийн сайн дамжуулсангүй гэж анхааруулж байсан гэдэг.

1941 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ЗСБНХУ-ын Дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр А.Амар: “Би бол хэрэгтэн биш. Урьдчилсан байцаалт дээр надад тулган хүлээлгэсэн учир түүн дээр өгсөн мэдүүлгээсээ татгалзаж байна. БНМАУ хэрэв тусгаар тогтносон улс юм бол яагаад намайг Зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм бэ?... Би Монголын ард түмэндээ хайртай, би Оросын ард түмэнд элэгтэй, харин “улаантан”, тэдний засагт дургүй... хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстнийг түрэмгийлэн эзэлж, удирдагчдыг нь барьж хорьдог. Яг ийм маягаар ЗХУ Монгол Улсад хандаж байна. Түүний тод жишээ нь миний бие буюу” гэжээ. Чингээд Монголын ард түмний баяр наадмын өдөр түүнд ялын дээд хэмжээ өгч, 7 сарын 27-ны өдөр цаазалжээ.


ЗСБНХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллеги 1956 оны 12 дугаар сарын 15-ны хуралдаанаар А.Амарт оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, 1962 онд түүнийг цагаатгасан байна .


860 views0 comments

Сүүлд нэмэгдсэн

bottom of page