top of page
  • Writer's pictureKhash-Erdene Bat-Ulzii

Урвалт!

Монгол цэргүүд 1913 оны намар Шилийн голын чуулган, Цахар нутгаас хятадын цэргийг хөөн гаргаж Шилийн голын чуулганы нутагт удтал байрлаж байх үед нь цэргийн бүх хэрэглэлийг нутгийн ардуудаас гаргуулж чирэгдэл учруулж, цэргүүд хоол хүнсээр дутагдсанаас санаа сэтгэл нь алдагдах явдал гарч байжээ. Мөн сум хэрэгсэл зэрэг цэргийн хангамж муудсан байна. Үүнээс гадна хятадын тал “Зөөлөн бодлого”-ын нэг зүйл болох монгол цэргийн жанжин нарыг өөрийн талд урвуулан авахаар хэргэм зэрэг, мөнгө шан амалж байсан нь зарим талаар хэрэгжиж байжээ. Энэ мэт байдлаас болон Хятадуудыг дийлэхгүй гэж Өвөрмонголын нэг бүлэг ван гүн нар сэтгэн хятад улсад бууж өгөх, урвах тохиолдол гарсан байна.. 1913 оны есдүгээр сард Архуа бэйс Насан-Аривжих хятадын цэрэгт бууж өгсөн байна. Түүнтэй хамт дээд тушаалтай цэргийн ноѐн болон энгийн цэрэг 100 хүн мөн бууж өгчээ. Энэхүү бэйс Насан-Аривжихын урвасаныг хятадын ерөнхийлөгч Юань Шикай ашиглан бусад монгол цэргийн жанжин нарыг урвуулахад үлгэр болсон явдал хэмээн үзэж, Насан-Аривжихыг шууд Жүн ван цолоор шагнасан. Урвагч бэйс Насан-Аривжихын хятадын цэрэгт урваж орсон нь Монгол цэргийн байдлыг нэлээд хүндрүүлжээ. Учир нь Насан-Аривжих Богд хааны засгийн газрын цэргийн яамны дэд сайд байсан бөгөөд Хүрээнд байхдаа Монгол цэргийн байлдааны ажиллагааг төлөвлөх нууц зөвлөгөөнд оролцож байсан. Тэрээр урвасаны дараа өөрийн мэдэж байсан цэргийн төлөвлөгөөний нууцыг хятадын талд задалсан байна. Үүний хорт уршигаар Таван замын цэргийн Өвөрмонголын фронтын баруун жигүүрийн буюу Насан-Аривжихын хариуцан командалж байсан чиглэлийн эсрэг хятадын цэргийн давуу хүчийг яаралтай хуримтлуулан монгол цэргийн сул хэсгүүдийн эсрэг хүчтэй давшилт хийсэн байна. Хятадын цэргийн давшилт зарим талаар амжилттай болж хэд хэдэн тулалдаанд командлагчгүй монгол цэрэг цохигдон ухарсан байна. Командлагчгүй болсон Насан-Аривжихын цэрэг хятадын цэргийн давшилтын эсрэг сул эсэргүүцсэн ба захиргаагүй болж тархаж явсан тул жанжин Дамдинсүрэн тэдгээрийг цуглуулж авахаар нэлээд хүч цаг зарцуулжээ. Үүний дараа Хятадын хувьд Монгол улсын цэргийн эрх баригчдыг урьж зусар үгээр илбэн дагуулахыг ихээр оролдох болсон байв. Юань Шикайн улс төрийн зөвлөгч Моррисон хятад улсын талд чухал зөвлөгөө өгч Монгол цэргийн ноѐдыг хятадын талд татаж оруулахаар бүтэмжтэй ажиллаж байжээ гэдгийг түүхэн баримтууд гэрчилж байна. Хятад улсын ноѐн, Хөвөөт шар хошууны Үхэр хонин сүргийн хоѐр түшмэлийг зарж Дамдинсүрэнд хэлүүлсэн нь “Үүний урьд бидэнд дагаж орсон бэйл Насан-Аривжихад ерөнхийлөгчөөс жүн ван цол өргөмжилсөн. Хэрвээ Дамдинсүрэн манай Иргэн улсад дагаж орвоос вангийн хэргэмээр шагнамой” гэжээ. Үүний хариуд Дамдинсүрэн “Манай улс хэрхэвч Иргэн улсай нийлэхгүй. Нэгэн аймаг шарын шашныг олон Монгол аймгийг бүрнээ хураамжилж тусгаар улс болон зогсочихуй. Намайг чоно шигхулгай Насанравжихтай бүү адилтгахтун. Танай жунтунгын өргөмжлөх вангийн хэргэмийг жанжин би ванбаа хэмээх мэлхийд ч хүрэхгүй гэж санамой” гэж хариулаад “Та нар Монголын ард байтлаа харин Хятадын баширлах үгэнд итгэж нэг биеийн ашиг зэргийг хичээн Монгол аймгийг хятад улсад дагуулж, Монгол газар орныг хятад хүнд эзлүүлж хойд өдөр Монголын хүүхэд дүү нарыг өөр аймгийн дотор үүрд дарлуулъя хэмээмүй” гэж ихэд буруушааж, ирсэн хоѐр түшмэлийг хөөж явуулсан байна. Сүүлд нь Бавуужавын цэргийн Мурунгаа гэдэг Цахар цэргийн ноѐн хятадад урважээ. Тэгэхэд мөн Цахар цэргийн жанжин Лувсан-Очиржамц Хүрээний нууц зарлигаар тусгай цэргийн ангийг бүрдүүлэн Мурунгаагийн урвасан цэргийг нэхэн хөөж бут цохин түүнийг олзлон авч цаазалсан байна. Жанжин Лувсан-Очиржамцын Мурунгаагийн урвасан цэргийг нэхэн хөөж бут цохисон тусгай цэргийн ангид Нанзад баатар оролцож байсан байна.



188 views0 comments

Сүүлд нэмэгдсэн

bottom of page